Чуулганы хуралдаанаар ЗТХЯ-ны сайд Я.Содбаатар, БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа нарыг огцруулах асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжлээ. Ийнхүү хоёр яам сайдгүй болж дараагийн томилгооны асуудал сөхөгдөж эхэллээ.

Я.Содбаатарын хувьд ЖДҮ-г хөгжүүлэх сангаас 1.2 тэрбум төгрөгийн зээлийг өөрийн хамаарал бүхий компанидаа авсан нь нотлогдсон юм. Үүний улмаас тэрээр сайдын суудлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд байсан. Харин Ц.Цогзолмаагийн тухайд огцруулсан шалтгаан нь тодорхойгүй байгаа юм.

Тэрээр чуулганы хуралдааны үеэр, “Манай яаманд гурван сарын өмнө томилогдож ирсэн Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан ёс зүйн болон төрийн ажлын дадлага туршлагагүй хүн учраас би гар нийлж ажиллаж чадаагүй. Тиймээс зөв, сэтгэлтэй, төрийн ажлын туршлагатай зөв хүнээр Төрийн нарийн бичгийн даргыг томилох тал дээр онцгойрон анхаараарай. Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг солихгүйгээр цааш бодлого шийдвэр явахгүй” гэлээ.

ЗТХЯ-ны дараагийн сайдын талаар Ерөнхий сайд хэлэхдээ, “хэл ам, хэрэг төвөгт холбогдсон хүн тавихгүй. ЖДҮ Монголын төрд сургамжтай зүйл болсон. Тиймээс дараагийн сайдад нэр дэвших хүмүүсийг би маш сайн судалж байгаа. Нэр цэвэр, шударга, ард түмний өмчид хуруу хумсаа дүрдэггүй хүнийг сонгоно” гэж мэдэгдлээ.

Энэ мэтээр МАН 64 суудалтайгаар төр барьж буй хугацаанд хамгийн олон халаа сэлгээ хийсэн нам болж байна. Ийнхүү Улаанбаатар хот даргагүй хэвээр, ЗТХЯ, БСШУСЯ сайдгүйгээр гахай жилтэйгээ золгох нь.