НЗДТГ-аас өнгөрсөн оны гуравдугаар сараас түрээсийн дугуйг иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэхээр болж, долдугаар сараас “UBIKE”  дугуй түрээс иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.

Энэхүү төсөл нь агаарын бохирдол болон авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн, иргэдийг эрүүл мэнд, цаг хугацааг хэмнэх үр дүнтэй шинэлэг шийдэл болсон юм.

Төслийг НЗДТГ, Хасбанк,  Никель Ганбаа ХХК хамтран хэрэгжүүлж байгаа ба UBIKE төсөл 100 дугуй, долоон зогсоолоор үйлчилгээгээ тэллээ.

Гэхдээ дугуйн түрээсийн үйлчилгээнд зарим нэг өөрчлөлтийг оруулсан байна. Тодруулбал, түрээсийн дугуй хүлээлгийн горимтой болсон ба түрээслэх явцад түр орхих шаардлагатай үед тус горимд шилжүүлэн эргүүлэн нээх боломжтой болжээ.

Түүнчлэн дугуйгаа түрээсэлж дуусаад зогсоолд байршуулаагүй тохиолдолд торгууль нь 2500 төгрөг болж нэмэгджээ. Харин зогсоолд байршуулаагүй дугуйг нээн хамгийн ойр зогсоолд байршуулсан хэрэглэгчийн дансанд 2000 төгрөгийн урамшуулал орох гэнэ.

Мөн түрээсийн дугуйг идэвхтэй, соёлтой хэрэглэсэн 200 хүнд түрээсийн дугуйг 50 цаг үнэгүй ашиглах урамшуулал олгохоор боллоо.

“Сүүлийн үед түрээсийн дугуйг санаатайгаар эвдэх, хулгайлах явдал багасч, хэрэглэгч тогтмол нэмэгдэж байна. Мөн иргэд дугуйгаа зогсоолд тавьдаг болсон учир үйл ажиллагаагаа улам өргөжүүлнэ” гэж Никел Ганбаа компанийг үүсгэн байгуулагч Г.Дашням хэллээ.

Түрээсийн дугуй үйлчилгээ нэвтэрснээс хойш өдөр тутам 3000 хүн идэвхтэй хэрэглэдэг болжээ. Иймд 2020 он гэхэд 150 зогсоол, 2000 дугуйтай болох зорилт тавьж, ирэх оноос эхлэн цахилгаан тэжээлт “U” скүүтэрийг  үйлчилгээнд нэвтрүүлэхээр болжээ.