Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын есний хооронд СБД-ийн нутаг дэвсгэрт иргэн М.Т нь 10 настай ач охиноо эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг нь мэдсээр байж удаа дараа хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг гарчээ.

Дээрх гэмт хэрэгт тус дүүргийн прокурорын газраас хяналт тавьж, Эрүүгийн хуулийн 12.1-р зүйлийн дөрөвдэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. 

СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Т-д 12 жилийн хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Харин хохирогчийг хуульд заасны дагуу түр хамгаалах байранд авч, биечилсэн хамгаалтанд авсан байна.  

Мөн Багануур дүүрэгт өнгөрсөн нэгдүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 13 настай дагавар охиноо хүчирхийлсэн гэмт хэрэг үйлджээ.

Уг хэрэгт тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1-р зүйлийн дөрөвдэх хэсэгт зааснаар яллан, шүүхэд шилжүүлснийг Багануур дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд, шүүгдэгч Т-г бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 12 жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноож, хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Дээрх гэмт хэргүүдийн үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг тогтооход гэр бүлийн хүрээнд архидан согтуурсан, бага насны хүүхдэд тавих хараа хяналт сул байгаагаас үүдэн гарсныг хууль хяналтын байгууллагаас мэдэгдлээ.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид насанд хүрээгүй хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогт тохируулж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар нээлттэй ярилцаж байхыг прокурорын байгууллагаас зөвлөж байна.  

Сануулахад, бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэх сэтгэл эмзэглүүлэм тоо 2017 онд 187 байсан бол өнгөрсөн онд 285 болж өсжээ.