Хуралдааныг манай талаас БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат, Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Ли Тэ Ху нар ахалсан байна. Энэ удаагийн хуралдаанаар хоёр улсын Иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулан Стратегийн түншлэлийн түвшинд хүргэх ажлыг хангах, 2020 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд Монгол, Солонгосын найрамдлын жил болгон зарлаж, улс төр, эдийн засаг, соёл, урлагийн 30 арга хэмжээг зохион байгуулах тухай хэлэлцсэн байна. 

Мөн ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтыг дэд сайд нарын түвшинд зохион байгуулах, Сангийн яам, БОАЖЯ хоорондын зөвлөлдөх уулзалтыг шинээр бий болгох, төмөр замын асуудлаар хоёр талын холбогдох байгууллагын уулзалтыг энэ онд зохиохоор боллоо.

Үүнээс гадна боловсрол, соёл, эрүүл мэнд, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд санал нэгдэж, Солонгосын талаас Засгийн газрын тэтгэлгээр суралцах Монгол оюутны тоог нэмэгдүүлэх талаар судалж байна.

Түүнчлэн хоёр улсын иргэдийн зорчих урсгал жилээс жилд нэмэгдэж буй тул зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ визгүй болох замын зураглал гаргахыг манай талаас онцолсон юм. Сайд Н.Цэрэнбат Солонгосын виз авахад иргэд урт хугацаа зарцуулж байгаад дорвитой арга хэмжээ авч өгөхийг хүссэн байна.

Хуралдааны эцэст Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний сүлжээ, Төмөр замын хамтын нийгэмлэг байгуулах, Азийн бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

Мөн хоёр улсын дараагийн Засгийн газар хоорондын хуралдааныг ирэх онд Улаанбаатарт зохион байгуулахаар тогтжээ. 

Сануулахад, Засгийн газар хоорондын хамтарсан хороо 2015 онд байгуулагдаж, хоёр улсын эдийн засаг, иргэд консулын харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэж эхэлсэн байна.