Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэц манайхтай төстэй. Аль алинд нь есөн гишүүн бий, гурав гурваар нь өөр өөр субьект санал болгон томилдог. Бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил, 40-с дээш настай хүн сонгогдож 65 хүртлээ Цэцийн гишүүнээр ажиллана.

Солонгосын Цэцийн гишүүд ерөнхийлөгч асан Пак Гин Хэ-г Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд, түүнийг огцруулж, бүр хорих шийтгэл оногдуулаад буй. Хэдийгээр есөн гишүүний хоёрыг Пак өөрөө сонгож, томилсон байдаг ч Цэц түүнийг буруутай үйлдэл хийсэн хэмээн үзэж, түүнийг зөвлөхтэй нь хамт шийтгэсэн юм.

‘Улсын Ерөнхийлөгч та Үндсэн хууль зөрчлөө’ гээд шийтгэл оногдуулж чадах Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг хүчтэй мөн хараат бус болгож буй зүйл нь тэдэнд тавигдах шаардлага, тэднийг томилох систем нь.

Өмнөд Солонгост Цэцийн гишүүн болохын тулд:

  • Шүүгч, өмгөөлөгч, улсын прокуророор 15 буюу түүнээс дээш жил ажилласан байх; эсвэл
  • Өмгөөлөгчийн мэргэжилтэй ба төрийн, төрийн өмчит, Засгийн газрын хөрөнгө оруулалттай байгууллага болон бусад байгууллагад 15 болон түүнээс дээш өмгөөлөгчөөр ажилласан байх; эсвэл
  • Их сургуульд хуулийн чиглэлээр туслах профессор ба түүнээс дээш зэргээр 15 болон түүнээс дээш жил ажилласан байх шаардлагатай.

Цэцийн гишүүнийг Өмнөд Солонгост томилохдоо:

  • Есөн гишүүдийг Солонгосын Ерөнхийлөгч эцэслэн томилох бөгөөд тэдгээрээс гурвыг нь 300 гишүүн бүхий хууль тогтоох байгууллага болох Үндэсний ассемблей, гурвыг нь Дээд шүүхийн ерөнхий шүүгч сонгодог байна.
  • Бүх цэцийн гишүүд томилогдохоос өмнө заавал Үндэсний ассемблейн өмнө сонсголд орно.

Харин Монголд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тавигдах шаардлага:

  • Цэцийн гишүүн хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, эрүүгийн ял шийтгэлгүй байх

Монголд Цэцийн гишүүнийг томилохдоо:

  • УИХ-ын дарга зохих байнгын хороодын санал дүгнэлтийг үндэслэн захирамж, Ерөнхийлөгч захирамж, Улсын дээд шүүх гишүүдийнхээ олонхийн саналыг үндэслэн санал болгоно
  • Санал болгосон хүнийг УИХ эцэслэн томилох бөгөөд татгалзсан тохиолдолд санал оруулсан байгууллага, албан тушаалтан долоо хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ гэжээ.

Үндсэн хуулийн цэц нь Монгол улсын Үндсэн хуулийн хэрэгжилтэд дээд хяналт тавьж, үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн магадгүй Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, шүүх, прокурор зэрэг “томчуудыг” хууль зөрчсөн эсэхийг шалгаж, үнэнийг хэлнэ гэж иргэдийн найдах эцсийн институт юм.

Гэтэл Үндсэн хууль сахиулагчдын бараг талыг нь дээрх ядмаг системийн дагуу өчигдөр УИХ дуу нэгтэйгээр сонголоо.

  1. Ц. Нанзаддорж 96.7%  (санал болгосон: Ерөнхийлөгч)
  2. Г. Туулхүү 98.4%  (санал болгосон: Ерөнхийлөгч)
  3. Б. Буяндэлгэр 98.4%  (санал болгосон: Ерөнхийлөгч)
  4. Ш. Солонго 93.3%  (санал болгосон: УИХ)

Өчигдрөөс эхлэн бүрэн эрх нь хэрэгжиж эхэлсэн дөрвөн гишүүдийн тухай сайнаас илүү саар мэдээлэл, шүүмж газар аван, туршлагатай хуульчид хэвлэлээр дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байна.

Улсын анхны Цэцийн гишүүдтэй харьцуулахад нээрээ л одоогийн гишүүдийн ажлын намтар, туршлага, холбогдсон хээл хахуулийн асуудал тэнгэр газар шиг зөрүүтэй байгаа юм.

Үндсэн хуулиа мануулах эрх зүйн эцсийн найдлага болсон Цэцийн гишүүдээ ядмагхан системээр сонгон, улс төрийн томилгооны хар муур Үндсэн хууль дээгүүрээ гүйлгэхээ зогсоож, тэдэнд тавих шаардлага, сонгох системээ чангатгах хэрэгцээ бидэнд байна.