Монгол, Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд НЗДТГ, Солонгосын Элчин сайдын яам хамтран Солонгосын долоо хоног арга хэмжээг энэ сарын 13-18-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохиохоор боллоо.  

Арга хэмжээний хөтөлбөрт Солонгос үндэсний хөгжмийн тоглолт, үндэсний хувцасны загварын шоу, үндэсний тоглоом, цаасан урлал, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Солонгос хоолны фестиваль, Гоо даамны тэмцээн, К-Поп бүжгийн тэмцээн болно. 

Мөн Солонгос, Монголын залуу хамтлаг дуучдын хамтарсан тоглолт, Улаанбаатар чуулгын тоглолт болох юм. Арга хэмжээний үеэр сугалаа сугалах, вааранд сум шидэх, шаараар бүтээл урлах, нүүр будах, багаараа дээс тоглох зэрэг олон нийтийн арга хэмжээг зохиохоор төлөвлөжээ. 

Тухайлбал, өнөөдөр K-POP бүжгийн тэмцээн зохиогдож байгаа ба урьдчилсан шалгаруулалтад оролцох 30 орчим хамтлагийн үзүүлбэрийг үзэх боломжтой байна. Үүнээс гадна Солонгос хоолны фестиваль, үндэсний тоглоомтой танилцахын зэрэгцээ Shalom рестораны нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол болно. 

Манай улс Солонгостой 1990 онд дипломат харилцаа тогтоосон ба манай худалдааны дөрөв дэх түнш орон юм. Тодруулбал, нийт экспортын 1.6 хувь, импортын 7.1 хувийг эзэлдэг бөгөөд худалдааны эргэлт 206.3 сая доллар байна.

Солонгосоос 1990-2015 онд нийт 755.3 сая долларын хөрөнгө оруулалтыг манай улсад хийсэн ба бөөний болон жижиглэнгийн худалдаа, уул уурхай, аж үйлдвэр, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд түлхүү хөрөнгө оруулжээ.