Улсын онцгой комиссоос Солонгост богино хугацааны визтэй очсон, хүндэтгэх шалтгаантай иргэдийг татаж авах зорилгоор чартер нислэг хийхээр шийдвэрлэсэн юм. Энэ дагуу энэ сарын 12, 13-нд дор дурдсан шаардлагыг хангасан иргэдийг эхний ээлжид бүртгэнэ гэж Солонгос дахь Монголын элчин сайдын яамнаас мэдээллээ. 

Хэн бүртгүүлэх вэ?

  • Эмнэлгийн хяналтад байдаг иргэд /Эмнэлгийн нотлох баримт бичгүүд/,
  • Жирэмсэн эх, /Жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаас өмнө эмчээсээ зөвлөгөө авах, жирэмсний 36 долоо хоногоос дээш бол урагт нөлөөлөх аюултай тул агаарын хөлөгт суулгахгүй/,
  • Эмнэлгийн магадлагаа,
  • Бага насны хүүхэд, 
  • 0-14 насны хүүхэд,
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд /Нотлох баримт бичиг/,
  • Өндөр настан, /эмэгтэй 55 ба түүнээс дээш настай, эрэгтэй 60 ба түүнээс дээш настай/.

Бүртгэлийг гуравдугаар сарын 12-ны өдрийн 09:30 цагаас эхэлж, 13-ны 18:00 цагт хаана.

Яаж бүртгүүлэх вэ?

Дээрх шаардлагыг хангасан иргэд ЭСЯ-ны Консулын хэлтсийн байранд гадаад паспорт болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн ирж бүртгэлийн маягт, эх орондоо очоод 14 хоногийн хугацаанд өөрийн зардлаар /өдөрт 50-70 мянган төгрөг/ улсаас тогтоосон байгууламжид тусгаарлагдах нотломжид гарын үсэг зурж бүртгүүлнэ.

Консулын хэлтсийн хаяг: 서울시 용산구 대사관로 34길 41, 새마을금고 2층, 주한몽골대사관 영사부,  Daesagwan-ro 34-gil, 41, Yongsan-gu, Seoul, Consular Section, Embassy of Mongolia.

Анхаарах зүйлс!

  • Чартер нислэгийн тийзийн төлбөр нэг хүний 254 доллар /МИАТ-ын буцах тийзтэй иргэдэд хамаарахгүй/
  • Монголд очсоны дараа 14 хоног өөрийн зардлаа төлж тусгаарлагдах бөгөөд холбогдох горимыг чанд мөрдөх, зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх болно, 
  • ЭСЯ-ны фэйсбүүк хуудсаар өнөөдрөөс эхлэн хүсэлт, өргөдөл хүлээн авахгүй. Энэ сарын 11-нээс өмнө тус фэйсбүүк хуудсанд ирүүлсэн хүсэлт нь чартер нислэгт бүртгэх үндэслэл болохгүй, 
  • Бүрдүүлэх баримт бичгийн эхийг заавал шаардахгүй хуулбар байж болно,
  • Өндөр халуурах, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг онгоцны буудал дээр шалгаж, өөрчлөлт илэрсэн иргэдийг агаарын хөлөгт суулгахгүй,

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаадын иргэдийг энэ сарын 30-ныг дуустал Монголын хилээр нэвтрүүлэхгүй тул зөвхөн Солонгост богино хугацааны визтэй байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай Монголын иргэдийг бүртгэнэ. 

Коронавируст тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор өвчний голомтын бүсэд оршин сууж байсан, өвчний шинж тэмдэг илэрч байгаа бол бүртгэлд хамрагдахаас сайн дураараа татгалзахыг зөвлөж байна.

Лавлах зүйл байвал ЭСЯ-ны шуурхай утас 010-2723-3464 дугаараар холбогдоно уу.