Хууль бусаар оршин суугч иргэний талаар мэдэгдэл өгөх үүргээс чөлөөлөх тогтолцооны талаар Солонгост оршин суудаг гадаадын иргэд төдийлөн мэддэггүй байна.

Үүнээс үүдэн гэмт хэргийн хохирогч болсон ч хууль бусаар амьдарч байгаа гэдгээсээ эмээн хууль хяналтын байгууллагын тусламжийг авч чаддаггүй гэнэ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор  Гадаад харилцааны яамны консулын газраас мэдэгдэл гаргасан байна.

Тодруулбал, хүн амь, танхай-хүчирхийлэл, барьцаалах, зодох, гэрийн хорионд байлгах, дарамтлах, бэлгийн хүчирхийлэл, хүчин, хулгай, дээрэм, залилан, биеийг нь үнэлүүлэх зэрэг гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд дээрх тогтолцоонд хамрагдах боломжтой юм.

Гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд Хүүхэд, эмэгтэйчүүд, нийгмийн эмзэг бүлгийнхнийг хамгаалах төвийн www.safe182.go.kr, Цагдаагийн газрын өргөдөл, гомдол хүлээн авах төвийн http://minwon.police.go. цахим хуудас болон цагдаагийн газар өөрийн биеэр ирж мэдэгдэх боломжтой байна.

Харин хөдөлмөрийн хөлсөө авч чадаагүй зэрэг иргэний болон хөдөлмөрийн маргаан, гэмт хэргийн хохирогч боллоо гэх хуурамч мэдээлэл өгсөн этгээд, харилцан зодолдсон этгээд уг тогтолцоонд хамаарахгүй байна.

Солонгосын үндэсний цагдаагийн газар, Хууль зүйн яамтайгаа хамтран танхай, сүрдүүлэлт, залилан зэрэг гэмт хэргийн хохирогч болсон хууль бусаар оршин суугч иргэний талаар мэдэгдэл өгөх үүргээс чөлөөлөх тогтолцоог 2013 оны гуравдугаар сараас хэрэгжүүлж байгаа ба одоогоор 822 хүн хамрагджээ.