Сүнсний баяр ойртож байгааг тохиолдуулан сонгодог хөгжмийн ертөнцөд Ес дэхь симфоний хараал гэж нэрлэгддэг мухар сүсгийн талаар сонируулъя. Энэ нь хөгжмийн зохиолч ес дэх симфонио дуусгасны дараа нас бардаг гэх мухар сүсэг юм. Хэдий Людвиг ван Бетховен, Антонин Дворжак, Густав Малер зэрэг алдарт хөгжмийн зохиолчид ес дэх симфонио дуусгаад нас барсан ч уг мухар сүсэг үйлчлээгүй олон зохиолчид байдаг. 

Людвиг ван Бетховен

Ес дэх симфоний хараал Германы алдарт хөгжмийн зохиолч Бетховеноос эхэлсэн гэж үздэг. Тэрээр алдарт есдүгээр симфонио бичсэнээс хэдэн жилийн дараа нас барсан ба 10 дахь симфонио дуусгаж чадаагүй юм. 

Антон Брукнер

Австрийн хөгжмийн зохиолч Антон Брукнер амьд ахуйдаа олон шүүмжлэлд өртдөг байсны нэг нь тэрээр дуусгасан бүтээлүүдээ дахин засварладаг байсан юм. Үүнээсээ болж тэрээр есдүгээр симфонио ч дуусгаж чадаагүй байна. Учир нь тэрээр наймдугаар симфонио дахин засварлаж байжээ. 

Антонин Дворжак

Чехийн хөгжмийн зохиолч Дворжакийн алдарт есдүгээр симфони болох “Шинэ ертөнцөөс”-ийг тухайн үед түүний тавдугаар симфони гэж үздэг байжээ. Учир нь түүнийг нас барсны дараа л өмнө нь бичиж байсан дөрвөн симфонийг нь илрүүлсэн байна.

 Густав Малер

Ес дэх симфоний хараалд итгэж хамгийн ихээр айдаг хүн бол Бохемийн хөгжмийн зохиолч Малер байлаа. Улмаар тэрээр наймдугаар симфонио дуусгасны дараа нэгэн ухаалаг төлөвлөгөөгөө боловсруулжээ. Малер Das Lied von der Erde гэх ес дэх симфонио бичсэн ч үүнийгээ симфони гэж нэрлэхээс зайлсхийсэн байна. Үүнийхээ дараа албан ёсны есдүгээр симфонио бичиж дуусгасан ба хараалыг хариулж чадлаа гэж боджээ. Гэвч тэрээр 10-р симфонио бичиж байхдаа нас барсан байна. 

Ральф Воан Уильямс

Английн хөгжмийн зохиолч тэрээр олон арван концерт, баллет, киноны дуу, сүмийн дуу зохиосны хажуугаар есхөн симфони бичжээ. Воан Уильямс есдүгээр симфонио бичсэнээс гурван долоо хоногийн дараа буюу 86 насандаа гэнэт хорвоог орхисон юм. Түүний гэр бүлийнхний хэлснээр Воан Уильямс нас барахынхаа өмнөх өдөр нь хэвийн байсан ч маргааш өглөө нь гэнэт өвдөөд удалгүй хорвоогоос хальжээ. 

Эх сурвалж: WQXR