Энэхүү хуулийн төсөлд сонгогчдын саналаар тухайн гишүүнийг эргүүлэн татдаг зохицуулалтыг хийжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүнийг сонгогдсон тойргийн сонгогчдын гуравны нэг нь огцруулах санал гаргавал чөлөөлөх хуулийн өөрчлөлтийг УИХ-ын болон Дэгийн тухай хуульд нэмэлтээр тусгах санал гаргалаа.

УИХ-ын тухай хуульд:

  • УИХ-ын гишүүнийг нас барсан,
  • Чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан,
  • Хүндээр өвчилсөн эсвэл бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон,
  • Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эргүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гарсан,
  • Гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор батлагдсан тохиолдолд гишүүнээс чөлөөлөх үндсэн таван заалттай байдаг.

Мөн дээрх шинэ заалттай холбогдуулан Сонгуулийн тухай хууль дараах нэмэлт өөрчлөлтийг оруулахаар тусгажээ. Үүнд, хэрэв сонгогчдын ⅓ нь гишүүнийг эргүүлэн татах санал гаргасан тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороо 60 хоногийн дотор тухайн тойргийн сүүлийн санал хураалтад оролцсон сонгогчдын гарын үсэг болон сонгуульд оролцсон эсэх бүх лавлагааг гаргаж баталгаажуулах гэнэ.

Ингэснээр уг саналыг Төрийн байгуулалтын хороонд шилжүүлж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжвэл тогтоол батлагдсанд тооцон, чуулганд тус хорооноос гарсан тогтоолыг танилцуулснаар хэлэлцүүлэхгүйгээр гишүүний чөлөөлөх асуудал батлагдахаар тусгажээ.

Энэ нь иргэдийн гаргасан саналыг аль нэг олонх болсон нам хэрэгсэхгүй болгох, гишүүнээ хамгаалан авч үлдэх боломжийг хуулиар хориглож  байгаа гэнэ.

АН-ын дарга С.Эрдэнэ хэлэхдээ “хариуцлагагүй, ёс зүйгүй байгаа, тангаргаасаа няцсан гишүүдэд УИХ биш сонгогчид нь өөрсдөө хариуцлага тооцдог эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс уг хуулийн төслийн санаачилсан” гэдгээ мэдэгдэн үүний хамгийн том жишээ нь ЖДҮХС-тай холбогдсон гишүүд гэлээ.

Одоогоор хуулийн төсөл дээр Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн бөгөөд санал ирсэн тохиолдолд бүрдүүлэлт шаардлагагүйгээр шууд Төрийн байгуулалтын байнгын хороо, дараа нь УИХ-ын нэгдсэн чуулганаар орж хэлэлцэгдэх юм байна.