Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн хороодыг дөрөвдүгээр сарын 15-аас өмнө байгуулж, нам эвслүүд дөрөвдүгээр сарын 25-аас өмнө сонгуульд оролцох эсэхээ илэрхийлнэ. 

Мөн оролцох саналаа ирүүлсэн нам эвсэл болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 10-16-нд болох юм. Ингэснээр нэр дэвшигчийн үнэмлэхийг зургадугаар сарын хоёронд гардуулна. 

Хуульд зааснаар сонгогчдын нэрийн жагсаалтыг дөрөвдүгээр сарын нэгнээс цахим хуудаст байршуулах юм. Үүнээс гадна сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын хоёронд эхэлж, 23-ны 00:00 цагаас өмнө зогсоно. 

Энэ жилийн сонгуулийн үеэр Фэйсбүүк компанитай хамтран ажиллах ба сонгуулийн хэсгийн хороодод 25-26 мянган төрийн албан хаагч ажиллах тооцоо гарсан байна. Сонгуультай холбоотойгоор энэ сарын нэгнээс шилжилт хөдөлгөөнийг зогсоосон бөгөөд зургадугаар сарын 25-наас хэвийн болно. 

УИХ-ын чуулганы нэгдүгээр сарын 31-ний хуралдааны үеэр сонгуультай холбоотой тогтоолын төслүүдийг баталж, санал хураалтыг зургадугаар сарын 24-нд явуулахаар тогтсон юм. 

Сонирхуулбал, өмнөх найман удаагийн сонгуульд нийт 3338 орчим хүн нэр дэвшсэн байна.