УИХ-ын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон 51 гишүүний 39 нь дэмжсэнээр батлагдлаа. Хуулийн төслийг Д.Оюунхорол, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Д Б.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нарын гишүүд боловсруулсан байна. 

Ийнхүү сонгуулийн тухай хууль батлагдсанаар хэд хэдэн томоохон өөрчлөлт гарч байгаа юм. Тухайлбал, сонгуулийг олон мандаттай тойргоос сонгож ба дүүрэг, аймаг бүр тойрог болж тойрогтоо хэдэн мандаттай байхыг хоёрдугаар сарын нэгнээс өмнө шийдвэрлэнэ. 

Мөн авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглох юм. Харин гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдээс сонгуулийн санал авах талаар зохицуулалт тусгагдаагүй бөгөөд иргэний шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын нэгнээс зогсооно. 

Үүнээс гадна сонгуулийн хандивын хэмжээг нэмэгдүүлсэн ба иргэн таван сая төгрөг хүртэл, хуулийн этгээд 20 сая төгрөг хүртэл байхаар болжээ. Түүнчлэн сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс эхлэх буюу сурталчилгаа 18 өдөр байсныг 22 болгосон байна. 

Мөн хэвлэл мэдээллийн байгууллагын саналын дагуу өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх тухай заалтыг нэмэхээр болжээ. Гэхдээ сонин, сэтгүүл нь сүүлийн 12 сарын турш тогтмол гарсан байх шаардлагатай байна.