МАН бүлгийн хурлаар Сонгуулийн тухай хуулийн өөрчлөх ажлын хэсгийн үйл явцтай танилцсан юм. Уг хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын сонгуулийг одоо байгаа хувилбараар бус улс нэг тойрог буюу гишүүд нэг тойргоос сонгогддог хувилбараар явуулах санал гаргасан байна.

Ажлын хэсгээс Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөд Засгийн газрын саналыг тусгаж, энэ чуулганд багтан хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, ирэх намрын чуулганы эхэнд батлахаар төлөвлөсөн гэж мэдэгдсэн юм. Харин энэ асуудалд УИХ-ын гишүүд зарчмын зөрүүтэй байр суурь илэрхийлж байна.

О.Баасанхүү: МАН амьд үлдэхийн тулд туршилт хийж байна

Эд нар улс төрийн тавцангаас арчигдах магадлал өсөөд байгаа болохоор амьд үлдэх дүрэм зохиогоод эхэллээ. Ялсан нам нь сонгуулийн дүрэм зохиодог байдлаа одоо болих хэрэгтэй. Сонгуулийн хуулийг олон янзаар өөрчлөх хэрэггүй харин Үндсэн хуульдаа л тодорхой заая. Эхлээд төрийн албыг наймаалахаа больж, улс төрөөс хараат бус болгосныхоо дараа энэ хуулиа өөрчилье.

Д.Тогтохсүрэн: Иргэддээ сонголт хийх боломжийг нь олгоё

Энэ хуулийг өмнө нь Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг 2008 онд өргөн барьж байсан ч тухайн үед санал тоолоход техникийн нөхцөл бүрдээгүй гэж үзээд буцаасан юм билээ. Харин одоо энэ техникийн нөхцөл бүрдсэн гэж МАН үзсэн. Чадалтай чадвартай хүнийг УИХ-д сонгох боломжийг ард түмэнд олгож байгаа.

Г.Тэмүүлэн: Юм хийдэггүй, олон сонгогдсон нөхдүүд дахиад гарч ирэх боломж бүрдэнэ

Одоо яриад байгаа нэг тойргийн тогтолцоогоор нийгмийн шүүмжлээд байдаг олон жил болчихсон, асуудлыг шийддэггүй хүмүүс гарч ирэх боломжийг бүрдүүлнэ. Мэдээж өндөр санал авсан хүнийг нам дотор жагсааж таарна. Ингэхээр Залуучууд болоод эмэгтэйчүүд эхэнд жагсах боломж байхгүй болно. Энэ бол зарчимд нийцэхгүй. Дээр нь улсаараа нэг намыг дугуйлаад явбал Үндсэн хуулийн зарчим алдагдахад хүрнэ. Тиймээс одоогийн тогтолцоогоороо явах шаардлагатай. Ер нь хамгийн шударга тогтолцоо бол жижиглэсэн тогтолцоо, дэлхийн жишигт ч ийм л байдаг.

Л.Оюун-Эрдэнэ: Сонгуулийн тогтолцоог өөрчлөх гэж оролдож байгаа нь дэвшил

Ямар ч тогтолцоонд сул болон давуу тал байдаг. Харин үүнийг яаж ашиглахаас л шалтгаална. Мэдээж улс нэг тойрог гэсэн хувилбараар явбал тойрогт төсвийг хуваахаа болж, улс орны хөгжлийн ерөнхий асуудалд парламент илүү анхаарч эхэлнэ. Мөн хувь гишүүдийн тоглолт багасаж, тухайн нам ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн, хэрхэн ажиллах талаар илүү анхаарах жишиг рүү орно. Дээр нь мөнгөөр сонгогддог, хуралдаа ирдэггүй гишүүд дахин сонгогдох боломжгүй болж, бодлогын ялгарал хийж чадсан гуравдагч хүчнүүдэд боломж олдоно.

Харин сул тал гэвэл буцаад орон нутаг хаягдаж, гишүүд ард түмнээсээ холдох нөхцөл үүсэж болзошгүй. Өөрөөр хэлбэл одоогийнх шиг тойрогтоо очиж, иргэдтэй нүүр тулж уулзахгүй гэсэн үг. Мөн сонгуулийн жагсаалт яаж гарах, намын лидер хэн байхаас шалтгаалаад ард түмний хүсээгүй хүмүүс жагсаалт руу орж ирэх эрсдэлтэй. Түүнчлэн  намуудад асар их хэмжээний хандив өргөж байгаа хүмүүс дээгүүр эрэмбэлэгдээд дугуйлагдах боломжтой болно. Юутай ч сонгуулийн хуулийг нийгмийн хэлэлцүүлэгт оруулж байгаа нь өөрөө дэвшил. Эндээс зөв шийдлийг олох эрүүл мэтгэлцээн гарна гэж харж байна.