Сонсголонгийн гүүрийг шинэчлэн засварлах ажлын хүрээнд хуучин гүүрийг өнөөдрийн 22:00 цагаас хааж, засвар шинэчлэлтийн ажлыг эхлүүлэхээр боллоо.

Хуучин гүүрийн засварын ажлыг хоёр сарын хугацаанд гүйцэтгэх бөгөөд гүүрийн бетон замыг хуулан, шинээр асфальт бетон хучилт хийж, явган хүний зам, хайс, гэрэлтүүлэг зэргийг шинэчлэх юм.

Харин дээрх чиглэлд зорчигчдыг Сонсголонгийн шинэ гүүрээр хөдөлгөөнд оролцуулах ба засварын ажлыг Авто замын хөгжлийн газрын захиалгаар Ган гүүр ХХК гүйцэтгэнэ. Хуучин гүүрийн хөдөлгөөнийг ирэх есдүгээр сар гэхэд бүрэн нээхээр төлөвлөжээ.

Сануулахад, Сонсголонгийн шинэ гүүрийг Хятадын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьж, наадмын өмнөхөн ашиглалтад оруулаад байгаа юм. Ийнхүү тус гүүрийг 38 жилийн дараа шинэчилсэн ба шинэ гүүр нь 11 метр өргөн, хоёр эгнээтэй байна.