Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч Сони компаний хиймэл оюун ухаан зэрэг өндөр технологийн чадвартай шинэ ажилтнуудынхаа цалинг 20 хувь хүртэл нэмэгдүүлэх гэнэ.

Уламжлал ёсоор тус компанид орсон шинэ ажилтнууд нэг жил болтлоо ижил түвшний цалин авдаг ба үүнээс хойш албан тушаалаасаа хамаараад цалин нь нэмэгддэг байна.

Харин энэ жилээс эхлэн чадварлаг боловсон хүчнүүдийн цалин гурван сарын дараагаас 20 хувь хүртэл нэмэгдэх юм. Ингэснээр шинэ ажилтнууд эхний жилдээ сард зургаан сая иен, хоёр дахь жилдээ ажиллаж байгаа ажилтан 6.3 сая иений цалин авах бол онцгой чадвартай ажилтнууд эхний жилдээ 7.3 сая иенээр цалинжих юм байна.

Компаний зүгээс энэ онд 400 орчим шинэ ажилтан авах бөгөөд эдгээрийн таван хувь нь онцгой чадвартай ажилтнууд байх гэнэ.

Дэлхийн томоохон компаниуд болох Apple, Гүүгл онцгой чадвартай шинэ ажилтнуудаа өрсөлдөгчдөө алдахгүйн тулд тус зарчмаар цалинжуулдаг байна.

Автомашин үйлдвэрлэл, худалдаа, банк зэрэг салбарт хиймэл оюун ухааны технологи, программ хангамжийн хөгжүүлэлтээр мэргэшсэн ажилтнуудын эрэлт хэрэгцээ өндөр байгаа юм. Учир нь уг чиглэлээр төгссөн оюутнуудад шинээр байгуулагадсан эсвэл гадаадын компанид орох, өөрсдийн компаниа байгуулах хүртэл сонголт байдаг байна.

Эх сурвалж: QZ, Nikkei