Хуваарийн дагуу чуулганы хуралдаан эхэлсэн ч АН тавьсан шаардлагынхаа хариуг нэхэж, ЖДҮ-г хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохыг шаардсан лоозон барьсан байна.

Хуралдааны эхэнд бүлгийн дарга Д.Эрдэнэбат “У.Хүрэлсүхийн засгийн газар УИХ-ын гишүүдийг зохион байгуулалттайгаар авлигдсан” гээд огцрохыг шаардлаа. Улмаар тавьсан шаардлагын дагуу ЖДҮ-н зээлийг авсан бүх хүмүүст хариуцлага тооцох хүртэл дэгийн тухай хуулийн 4.10-т зааснаар хуралдаанд хугацаагүйгээр оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.

Ийнхүү АН-ын бүлэг танхимыг орхин гарсан ч чуулганы хуралдаанаар 2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.  

Сануулбал, өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлэг ЖДҮ-н зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох шаардлагыг Ерөнхий сайд болон УИХ-ын даргад хүргүүлсэн. Хэрэв хариуцлага тооцохгүй бол чуулган болоод байнгын хороодын ямар ч хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Гэвч “ЖДҮ-г хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг шалгаж байна” гэх нэрийдлээр хариуцлага тооцоогүй байна. Харин ХХААХҮЯ-ны сайд Б.Батзориг өчигдөр уг асуудлаас үүдэн өөрийн хүсэлтээр огцрох санал гаргажээ.

Зээл авсан эрхмүүдийн зээлийг төлүүлнэ, ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ гэхээс өөр тодорхой хариултыг МАН өгөхгүй байгаа юм.

Одоогийн байдлаар УИХ-ын зургаан гишүүн, дэд сайд, Ерөнхий аудитор нар зээл авсан нь тогтоогдоод байгаа юм. Тодруулбал,

  • ЗТХЯ-ны сайд Я.Содбаатарын эзэмшлийн Эпота Анарваан компани 1.2 тэрбум,
  • ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн эхнэрийн Тээвэр ачлал компани 1.4 тэрбум,
  • УИХ-ын гишүүн Х.Болорчулууны Дорнод гурил компани 950 сая,
  • УИХ-ын гишүүн Г.Солтаны Монгол шаазан компани 950 сая,
  • УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын Газар буудай компани 950 сая,
  • УИХ-ын гишүүн Н.Учралын аавын Хүннү компани 950 сая
  • Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн компани 950 сая
  • Монгол улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын Цэн стайл компани 950 сая төгрөгийн зээл авчээ.