Соёлын шинэчлэлийг дэмжье уриан дор УДЭТ, УДБЭТ, Төв номын сангийн удирдлага, уран бүтээлчид мэдээлэл хийж, УДБЭТ барилгын нөхцөл байдлыг сэтгүүлчдэд танилцууллаа.

Зарим соёл урлагийн зүтгэлтнүүд, архитектор, төрийн бус байгууллага, хувь хүмүүс эдгээр барилгыг соёлын өв гэж үзэн шинэчлэх ажлыг эсэргүүцсэний улмаас БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг соёлын салбарт хийх 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаа татна гэж энэ сарын найманд мэдэгдсэн юм.

 Иймд дээрх байгууллын удирдлага уран бүтээлчид сайд Ё.Баатарбилэгийг мэдэгдлээ эргэн харж, соёлын барилгуудыг шинэчлэх ажлыг зогсоохгүй байхыг хүслээ. 

Баригдаад 60 гаруй жил болж байгаа ч эдгээр барилгад нэг ч удаа сантехник, өргөтгөл засвар хийгээгүй ба мэргэжлийн байгууллагын гамшгийн эрсдэлийн үнэлгээгээр хангалтгүй гэх дүгнэлт гарсан байна. 

Мөн тус барилгууд газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд оршдог ба газар хөдлөлтийн эсрэг нормгүй баригдсан учир цаашид шинэчлэл хийж, сайжруулах зайлшгүй шаардлагатай гэсэн юм. 

УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу хэлэхдээ “Үндэсний урлагийн их театр, Хүүхэлдэйн театр, УДЭТ гэх гурван барилга нэг дор үйл ажиллагаа явуулдаг. Монголын төрөөс соёл урлагт үзүүлж буй дэмжлэг хангалтгүй байна. Хамгийн хүндрэлтэй зүйл нь уран сайхны гэрэлтүүлэг, тайзны гэрэлтүүлэг, зэрэг нь гар ажиллагаатай байна” гэлээ.

Эдгээр барилгууд 2015 онд Биет эд өлгийн зүйлийн соёлын өвд орох анхан шатны үзлэгээр бүртгэгдсэн бөгөөд улс, орон нутгийн эрх зүйн хамгаалалтад ороогүй учир соёлын өвд бүртгэлгүй гэнэ.

Мэдэгдлийн дараа сэтгүүлчдийг УДБЭТ-ын барилгатай танилцуулсан ба тус барилга нь модон дам нуруутай, тэдгээр нь илжирсэн, өмхий үнэртэй, цахилгааны утас нь ил байсан юм. Мөн салхи шууд нэвтэрдэг бөгөөд үзэгчид өвлийн цагт даардаг, зуны цагт бүгчим халуун байдаг гэдгийг ажилчид хэллээ.

Үүнээс гадна УДЭТ-ын бүжгийн танхимын хананд цууралт үүсэж, ослын байдалд байгаа ба стандартын дагуу хоёр жүжигчин байх ёстой өрөөнд 10 жүжигчин байрладаг байна. Мөн Драм, хүүхэлдэйн театр нь орц, гарцын ганц хаалгатай бөгөөд гамшиг ослын үед үзвэр үзэж буй хүүхэд, иргэд өртөж болзошгүй гэнэ.