БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг Байгалийн түүхийн музейд ажиллалаа. Тэрээр энэ үеэр ирэх онд шинэчлэхээр төлөвлөсөн Үндэсний төв номын сан, УДБЭТ, УДЭТ-ын барилгыг шинээр барих 12 тэрбум төгрөгийг зогсоох санал хүргүүлэхээр болсноо мэдэгдлээ. 

Учир нь зарим урлаг, соёлын зүтгэлтэн, архитекторууд эдгээр барилгыг соёлын өв гэж үзэн шинээр барихыг эсэргүүцсэн юм. Тиймээс дээрх 12 тэрбум төгрөгийг боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт тулгамдаад буй ажилд зарцуулах саналаа Сангийн сайд, Төсвийн байнгын хорооны даргад хүргүүлнэ гэлээ.

Байгалийн түүхийн музейн хувьд мөн л соёлын өв гэж үзэн нураахыг эсэргүүцэж, хүчитгэхийг зөвлөсөн юм. Гэвч НМХГ-аас “Байгалийн түүхийн музейн барилгын суурийн тоосгонууд үйрч унасан, даацын хананд босоо хагарал, цууралт үүссэн тул хүчитгэх боломжгүй” гэж мэдэгдлээ. 

Байгалийн түүхийн музейн барилга нь 1952 онд Хөдөө аж ахуйн техникумын зориулалтаар баригдсан байна. Улмаар НМХГ-аас 2012 онд газар хөдлөлтөд тэсвэргүй гэж үзэн 2013 онд үйл ажиллагааг нь зогсоох акт тавьжээ.