СпэйсX компани энэ оны эцэст нийт 1584 хиймэл дагуул гаргаж, Хойд Америкийн тивийг бүхэлд нь интернетээр хангах төлөвлөгөөтэй байна. Тэд үүнээс өмнө буюу 2019 оны тавдугаар сард дэлхийн орбит руу 60 хиймэл дагуул нисгэсэн юм.

Гэвч энэ нь одон орон судлаачдын ажилд сөргөөр нөлөөлж байгаа гэнэ. Хиймэл дагуулууд шөнийн тэнгэрт маш тод харагддаг учир одон орон судлаачдын ашигладаг программууд тэднийг дэлбэрч буй од, эсвэл ямар нэгэн солир гэж андуурч байгаа юм. 

Үүнээс болж дэлхийд аюул учруулж болзошгүй солир болон жижиг гарагийг анзаарахгүй өнгөрөөх магадлалтай гэж одон орон судлаачид үзжээ. 

СпэйсX компани НҮБ-аас 40 мянган хиймэл дагуул нисгэх зөвшөөрөл авсан ба энэ нь эдийн засагт маш том түлхэц болно гэж НҮБ дүгнэсэн юм. Учир нь, одоогоор 3.6 тэрбум хүн интернет ашиглах боломжгүй байна. 

СпэйсX-ээс гадна Амазон, Фэйсбүүк, Роскосмос зэрэг компаниуд интернет үйлчилгээ үзүүлэх хиймэл дагуулын салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Гэвч үүнээс болж 2023 он гэхэд дэлхийг тойрон нисэж буй 20 мянга гаруй биет 50 мянгаар нэмэгдэх магадлалтай гэнэ. 

Эх сурвалж: ScienceNews, Space