Шинэчилсэн 12:38 (2019.04.23) : Дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 310-т хүрлээ. Цагдаа нар дэлбэрэлттэй холбоотой байж болзошгүй 40 хүнийг баривчилсан байна. Мөн Ням гарагт Бандаранайке олон улсын нисэх буудлын ойролцоох авто замаас 1.6-1.8 метрийн урттай тэсрэг бөмбөг илрүүлж аюулгүй болгожээ. 

Шри-Ланка гурван сүм, дөрвөн зочид буудалд дэлбэрэлт гарч 138 хүн амиа алдаж 400 гаруй хүн шархадлаа.

Албаныхан дэлбэрэлтийг террорист халдлага гэж үзэж байгаа ба засгийн газрын зүгээс хөл хорио тогтоож томоохон нийгмийн сүлжээнүүдийг хаажээ. Хөл хорио хэзээ хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байна. 

Одоогоор хууль сахиулах байгууллагынхан дэлбэрэлтийн шалтгааныг илрүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Тус улс нь 2009 он хүртэл Тамилын салан тусгаарлагчидтай иргэний дайнтай байсан бөгөөд энэ төрлийн халдлага байнга гардаг байжээ.

Харин сүүлийн жилүүдэд Христ, Ислам, Буддын шашинтнуудын хооронд хагарал үүсээд байгаа юм. Үндэсний Христийн шашинтнуудын холбооны мэдээлснээр тус улсад өнгөрсөн онд Христийн шашинтнуудын эсрэг 86 гэмт хэрэг үйлдэгдсэн бол он гарсаар уг тоо 26-д хүрчээ.

Хамгийн сүүлд өнгөрсөн сарын 25-д Буддын лам Христийн мөргөлийг үймүүлэхээр оролдсон байна. Шри-Ланка улс нь 22 сая орчим хүн амтай бөгөөд эдгээрийн 70 хувь нь Будда, 12.6 хувь нь Хинду, 9.7, хувь нь Ислам, 7.6 хувь нь Христийн шашинтай юм.

Эх сурвалж: Reuters, Economic news