Жастын Ш.Батхүү Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалж Өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл авснаас үүдэн тус банк Эрдэнэт үйлдвэрээс 51 сая доллар нэхэмжлээд байсан юм.

Тэгвэл Засгийн газраас өнгөрсөн оны наймдугаар сард энэ асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийг Шадар сайдаар ахлан байгуулсан бөгөөд тус ажлын хэсэг Стандарт банктай тохиролцоонд хүрч чадсан байна.

Тодруулбал, Засгийн газраас томилсон ажлын хэсэг Стандарт банктай тохиролцон төлөх ёстой байсан 51 сая долларыг бууруулж 40 сая долларыг төлөхөөр болж, уг мөнгийг Эрдэнэт үйлдвэрийн эрсдэлийн сангаас гарган бүрэн барагдуулжээ.

Ингэснээр Эрдэнэтийн 51 хувьтай холбоотой Стандарт банканд үүсээд байсан асуудал нэг мөр шийдэгдсэн байна. Харин одоогоор уг асуудлыг дотооддоо шийдэж, шүүхээр буруутай этгээдийг тогтоолгон дээрх мөнгийн гаргуулахаар ажиллаж байгаа гэж сайд Ө.Энхтүвшин хэллээ.

Зураг: Монцамэ

Мөн Эрдэнэт үйлдвэрийн эрсдэлийн сангаас уг мөнгийг төлснөөр үйлдвэрийн үйл ажиллагаа, санхүүд ямар нэгэн сөрөг нөлөө гарч, үйл ажиллагаа доголдохгүй гэдгийг тус үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн мэдэгдлээ.

Сануулахад, 2009-2010 онд Жастын Ш.Батхүү Стандарт банктай зээлийн гэрээ хийж 2012 он хүртэл нийтдээ 160.1 сая доллар зээлсэн ч үүнийгээ төлөөгүй  байна. Улмаар Стандарт банк 2013 онд Арбитрт хандаж, 2015-2016 онд дөрвөн удаа хуралдаж Эрдэнэт үйлдвэрээс 86.97 сая доллар нэхэмжилжээ.

Тус шүүхээс дээрх зээлийн гэрээнд Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргасан гэдгийг тогтоосон бол Ш.Батхүү гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдгээ мэдэгдсэн юм. Улмаар 2016 онд Арбитрын шүүх дахин хуралдаж, манай талаас нэхэмжилсэн мөнгийг 51 сая доллар болгон бууруулснаас гадна, Английн дээд шүүхээс Арбитртай адилхан шийдвэр гаргаж өнгөрсөн онд манай талд ирүүлсэн байна.

Ийнхүү олон улсын хоёр шүүхэд манай улс ялагдсанаар Эрдэнэт үйлдвэр шүүхийн шийдвэрийг биелүүлэх эсвэл олон улс дахь дансаа зарцаалгах, гадаад зах зээл дэх хөрөнгөө хураалгах, Стандарт банкнаас Эрдэнэт үйлдвэрийн өрийг гуравдагч этгээдэд худалдах зэрэг эрсдэлүүд үүсээд байсан юм.