Улсын дугаар 2019 арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэгслийн улсын дугаарын зөрчилд тавих хяналт шалгалтыг эрчимжүүллээ.

Тодруулбал, тээврийн хэрэгслийн улсын дугаарын тоо, үсэг нь арилж бүдгэрсэн, засварласан, буруу суурилуулсан, стандартын дагуу хэвлэгдээгүй зэрэг зөрчлийг илрүүлэн хувь хүнийг 10 мянга, хуулийн этгээдийг 100 мянган төгрөгөөр торгох юм.

Мөн улсын бүртгэлийн дугааргүй, нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хувь хүнийг 25 мянга, хуулийн этгээдийг 250 мянган төгрөгөөр торгох байна.

Сүүлийн үед иргэд жолооч нар хуурамч улсын дугаар, хуучирсан харагдахгүй, бүдгэрсэн дугаар зүүх байдлаас эзэнгүй тээврийн осол ихээр бүртгэгдэх болжээ. Мөн улсын дугаарын үйлдвэрийн газрууд хууль бусаар дугаар хэвлэж өгдөг байдлыг таслан зогсоох үүднээс уг арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм.

Иймд замын хөдөлгөөнд оролцогчийг өөрийн тээврийн хэрэгслийн улсын дугаарын ашиглалтад хяналт тавин, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг ТЦА-аас анхаарууллаа. 

Сонирхуулахад, ТЦА-аас автомашин хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор Автомашин-2019 арга хэмжээг зургаадугаар сард зохион байгуулсан юм.