Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хууль болон Засгийн газрын тогтоолын дагуу энэ сарын 15-аас эхлэн стандарт хангаагүй хаягдал усыг төвлөрсөн шугам сүлжээнд хүлээн авахыг хориглолоо.

Өнгөрсөн онд Засгийн газраас Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлж буй бохир усны стандартыг нийцүүлэх үүднээс шаардлагатай үйлдвэр, ААН, байгууллагуудыг урьдчилан сэргийлэх байгууламжтай болгон, цэвэршүүлсэн усыг эргүүлэн ашиглах технологи нэвтрүүлэх тухай тогтоол гаргасан юм.

Одоогийн байдлаар Улаанбаатарт үйл ажиллагаа эрхэлж байгаа бохирдуулагч найман төрлийн 238 аж ахуйн нэгж байна. Үүнд:

  •    Арьс шир боловсруулах 26 үйлдвэр,
  •    Ноос, ноолуур боловсруулах 24 үйлдвэр,
  •    Өлөн боловсруулах- 15 үйлдвэр,
  •    Мах махан бүтээгдэхүүн боловсруулах 37 ААН,
  •    Сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах 12 ААН,
  •    Архи, спирт, пиво, ундааны 13 үйлдвэр,
  •    Машин угаалга 111 газар байна.

Эдгээр үйлдвэр, ААН-д МХЕГ-аас лабораторийн шинжилгээтэй хяналт, шалгалт хийхэд бохир усанд агуулагдах химийн элемент, бохирдуулагч бодисууд нь ерөнхий стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 4-7 дахин их байжээ.

Үүнээс шалтгаалан Төв цэвэрлэх байгууламжийн технологийн горим алдагдаж, хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны MNS4943:2015 стандартыг хангаж чадахгүй байгаагийн улмаас байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна.  

Иймд дээрх үйлдвэр, ААН-ийн хаягдал усыг төвлөрсөн шугам сүлжээнд авахгүй бөгөөд зөвхөн шаардлага хангасан бохир усыг төв цэвэрлэх байгууламжид цэвэрлэхээр болжээ.

Арьс шир боловсруулах үйлдвэр, төв цэвэрлэх байгууламж бохироо шууд Туул голд цутгадгаас үүдэн Туулын усанд хүн, мал, орчинд аюултай 15 хорт элемент агуулагдаж байгаа нь шинжилгээгээр тогтоосон юм.