Суданы ерөнхийлөгч асан Омар аль Башир Саудын арабын дээд албан тушаалтнуудаас 90 сая долларын авлига авсан хэрэгт холбогджээ. Үүний 25 сая долларыг угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салманаас авсан байна. 

Суданы арми өнгөрсөн дөрөвдүгээр сард ерөнхийлөгчөөр 30 жил ажилласан Баширыг огцруулж 113 сая долларын бэлэн мөнгийг гэрээс нь хураасан юм. Гэвч цагдаа нар зургадугаар сард түүний гэрт дахин нэгжлэг явуулж будааны савнаас 7.8 сая долларын валют илрүүлсэн ба энэ нь хунтайж Бин Салманаас авсан мөнгөний нэг хэсэг гэж Башир мэдүүлсэн байна. 

Улмаар Бямба гарагт төрийн эрхийг барьж байгаа армийн удирдлагууд болон сөрөг хүчнийхэн Засгийн газрыг хувааж удирдах гэрээнд гарын үсэг зуржээ. Башир одоогоор ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгаа ба өмгөөлөгчийнх нь хэлснээр Баширыг авлига авсан гэдгийг нотлох баримт байхгүй гэсэн байна. 

Башир авлигын хэргээс гадна өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Засгийн газрын эсрэг жагсаалын үеэр амиа алдсан эмчийн хэрэгт буруутгагджээ. 

Эх сурвалж: Al jazeera, BBC