Эрдэнэтийн 51 хувийг барьцаалан зээл авахад Ч.Ганзориг, Д.Сугар нар оролцсон оролцоогүй гэх маргаан хэдэн жил үргэлжиллээ. Тэгвэл үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын Стандарт банк руу илгээсэн захидлыг Өдрийн Тойм ил болгож байна.

Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын дарга Д. Сугар-аас хэмээн хаяглагдах тус захианд:

“Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын болон хувьцаа эзэмшигчдийн ямар ч тогтоол үйлдвэрийн ерөнхий захирал Ганзориг-ийн эрх мэдэлд хязгаарлалт хийхгүй гэдгийг Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын даргын хувьд би баталж байна” гэжээ.

Логикоор бол буурай улсын нэг үйлдвэр ‘Жаст группийг батлан дааж байна’ гэх бичиг илгээхэд нь Стандарт банк лавшруулан Эрдэнэтийн ТУЗ-рүү захиа бичиж, лавласан байх магадлалтай. Харин үүний хариуд тухайн үеийн ТУЗ-ын дарга асан Сугар, ‘Ганзоригийн эрх мэдэлд ТУЗ байтугай, хувьцаа эзэмшигчид ч нөлөөлөхгүй’ гэдэг захиаг хариу болгон явуулсан болж таарах нь.

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалан зээл авах ажиллагаанд зөвхөн Ч.Ганзориг бус ТУЗ-ын дарга асан Д.Сугар оролцсон гэдгийг энэ захидал баталж байна.

Гадаадад олон үл хөдлөх хөрөнгөтэй гэгддэг, саяхан мөн МИАТ-ын хэрэгт холбогдсон Д.Сугар энэ оны хоёрдугаар сарын 21-нд хэвлэлд ярилцлага өгөхдөө,

“ … Ийм байдалд хүргэхэд миний оролцоо, буруутай үйлдэл байхгүй. Лондонгийн олон улсын арбитрын шүүхийн шийдвэрээр 357 хуудас материал байгаа. Тэнд миний нэр ус байгааг та нар олвол би хоёр цагийн дараа бүрэн эрхээсээ татгалзаад 461 дүгээр хорих ангийн үүдэнд очно” гэжээ.

Арбитрын шүүхийн 2016 оны есдүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрт Д.Сугарын нэр хэд хэдэн удаа дурдагдсаныг уншигч та хавсралтаас харж болно.

Мөн,

“Жаст групп 2009-2010 онд Стандарт банкнаас зээл авсныг Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч. Ганзориг бид хоёр мэдээгүй” гэж Д.Сугар 2013 оны долдугаар сарын 29-нд хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлж байв.

Тэгвэл уг захидлын эхэнд,

“Жаст групп, Стандарт банк, Эрдэнэт үйлдвэрийн хооронд 2010 оны наймдугаар сарын 5-ны өдөр хийгдсэн 34 сая доллар хүртэлх зээлийн гэрээнд хамаатуулж ..” гэж бичээд Д.Сугар өөрөө гарын үсгээ зурсан нь харагдаж байна.

Анзааралгүй, эсвэл уншилгүй цаасан дээр гарын үсэг зурна гэдэг насаараа төрийн өндөр алба хашсан Д.Сугарт тохиолдоно гэдэг юу л бол.

Ямартай ч Ш.Батхүү 2013 онд дампуурлаа зарлаж, Стандарт банканд өрөө төлөх боломжгүй болсон гэдгээ мэдэгдэх үед Д.Сугар аль хэдийн буюу 2012 оны зун Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэх халдашгүй эрх эдлэх болсон байв.

Татварын мөнгөөр цалинждаг цагдаа нарын цагийг хэмнээд, Д.Сугар 461 дүгээр ангид өөрөө очих нь уу?

Эсвэл амиараа тангарагласан шударга ёсоо ерөнхий сайд У.Хүрэлсүх сахиулж, 2020 оны сонгуульд хэлэх юмтай үлдэх үү?