Засгийн газрын хуралдаанаар нийслэл болон орон нутагт байх Нэг цонхны үйлчилгээ, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийг ирэх аравдугаар сарын нэгнээс эхлэн операторын хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг Үйлчилгээний нэгдсэн төв болгохоор шийдвэрлэлээ.

Мөн бүх суманд Үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулж, төрийн зарим үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Түүнчлэн төвийн мэдээллийг системийг хөгжүүлэн төрийн мэдээлэл солилцооны Хур системд холбох гэнэ.

Үүнээс гадна Сум хөгжүүлэх санд улсын үзлэг явуулахаар тогтож, үр дүнг долдугаар сарын нэгний дотор Засгийн газарт танилцуулахаар боллоо.

Өнгөрсөн оны эцсийн байдлаар тус сангаас 38.500 гаруй иргэн, ААН 187.5 тэрбум төгрөгийн зээл авчээ. Үүний дүнд 34.790 ажлын байр бий болж, 20.373 ажлын байр хадгалагдсан байна. Гэвч сангийн нийт авлага 89 тэрбум гаруй төгрөгт хүрчээ.

Сануулахад, өнгөрсөн оноос эхлэн бүх сум, хороодыг улсын бүртгэлийн нэгдсэн системд холбох төслийг эхлүүлж, 12-р сарын байдлаар 12 аймгийн 39 сум, хоёр дүүргийн 11 хороог онлайн сүлжээнд холбожээ.