Монголын чөлөөт бөхийн холбоо болон ДАШТ-ээс шударга бусаар хасагдсан гэх М.Пүрэвтунгалагийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ. 

Тодруулбал, үдээс өмнө М.Пүрэвтунгалагийн гэр бүлийнхэн мэдээлэл хийж, Монголын чөлөөт бөхийн холбооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн юм. Ээжийнх нь мэдээлснээр 18 настай М.Пүрэвтунгалаг энэ оны залуучуудын болон насанд хүрэгчдийн улсын аваргын -53 кг-д түрүүлж ДАШТ-д явах эрхээ авсан байна. 

Гэвч Үндэсний шигшээ багийн их эмч Ч.Насанбат есдүгээр сарын таванд хатиг өвчний улмаас М.Пүрэвтунгалагт 14 хоногийн акт бичиж өгчээ. Үүнээс үүдэн эмчийн магадлагаа гарсан өдөр ДАШТ-д оролцох тамирчны нэрийг сольж, ОУХМ Э.Сумъяаг явуулахаар болсон байна. Гэтэл Э.Сумъяа энэ оны улсын аваргаас 50 граммын жингийн илүүдлээр хасагдсан буюу ДАШТ-д оролцох эрхээ авч чадаагүй юм. 

Энэ үеэр М.Пүрэвтунгалаг дасгалжуулагч А.Баттулга, ОУХМ Э.Сумьяа нар дарамталдаг талаар мэдээлсэн юм. Тэрээр бэлтгэлийн үеэр барилдахад “Э.Сумьяа эгч өөдөөс битгий арсалдаад байгаарай гэж хэлсэн” хэмээн мэдэгдлээ. 

Харин дасгалжуулагч Б.Баттулга “М.Пүрэвтунгалагийн хувьд зургадугаар сарын 27-нд шигшээ багийг цуглуулахад биедээ 3-4 хатигтай байсан. Багийн эмч бүтэн сарын хугацаанд эмчилгээ хийсэн. Хатиг гарах болгонд тамирчдыг бэлтгэлээс чөлөөлдөг. Сургуулилтын барилдаанд Э.Сумъяатай барилдуулахад тооны харьцаа 30-0 буюу М.Пүрэвтунгалаг нэг ч ялаагүй. Өнөөдрийн хэвлэлийн хурлыг харахад миний шийдвэр зөв байсныг нотолж өглөө. 53 кг-т Монгол улсыг төлөөлж өндөр амжилт гаргах боломжтой тамирчин нь Э.Сумъяа” гэсэн юм. 

Энэ үеэр шигшээ багийн тамирчид нэгнийгээ дарамталсан асуудал нотлогдвол ахлах дасгалжуулагч Б.Баттулгыг ажлаас нь чөлөөлнө Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга  Б.Батбаяр мэдэгдлээ. Мөн тэрээр М.Пүрэвтунгалагийн ар гэрийн гомдлын дагуу ДАШТ-д -53 кг-д тамирчин явуулахгүй байх асуудлыг хурлаар хэлэлцэнэ гэлээ.  

Чөлөөт бөхийн -53 кг нь олимпын жин бөгөөд М.Пүрэвтунгалаг 40 хоног эмчилгээ хийлгэсэн дархлаа нь муу байгаа учир ДАШТ-д явуулах боломжгүй гэсэн юм. Энэ оны чөлөөт бөхийн ДАШТ энэ сарын 17-нд Нурсулан хотод болно.