Баярын үеэр сурагчдыг гэрийн даалгавраас чөлөөлөх нь эерэг үр нөлөөтэйг шинжлэх ухааны судалгаагаар тогтоолоо. Хонконгийн Христ, Баптист их сургуулийн судлаачид хүүхдүүд гэрийн даалгавар хийхгүй амарснаар бие даах, өөртөө итгэх, хувийн менежментэд нь эерэг нөлөө гарч байгааг тогтоожээ.

Уг судалгааг энэ жилийн Улаан өндөгний баяраар хийсэн байна. Энэ үед дөрвөн өөр сургуулийн 806 сурагчид гэрийн даалгавар өгөлгүйгээр 10 хоног амрааж, амралтаа гэрийн даалгавар хийж өнгөрүүлсэн хоёр сургуулийн 619 сурагчтай харьцуулжээ.

Гэтэл гэрийн даалгавар хийгээгүй 806 сурагчийн 70 хувь нь амралтын өмнө сурлагаараа өрсөлдөх чадвартаа  таван онооноос 3.35 оноо өгч байсан байна. Харин амралтын дараа эдгээр сурагчид өөртөө 3.46 оноо өгч, итгэл нь нэмэгдсэн дүн гарчээ.

Харин амралтаараа гэрийн даалгавар хийсэн 619 сурагчийн өөрсдийгөө үнэлэх үнэлэмж нь 3.35 байснаа 3.34 оноо болж буурсан байна.

Үүнийг судалгаа хийсэн Баптист их сургуулийн профессор Вики Там Чиу-ван "Хүүхдүүдэд зөвхөн хичээл биш сонирхлоо хөгжүүлэх багахан цаг өгөх нь эерэг нөлөөтэй болохыг уг судалгаа харуулсан" гэж тайлбарлажээ.

Иймд тус их сургуулиас Хонконгийн засгийн газарт хандан сурагчдын дор хаяж нэг удаагийн амралтыг гэрийн даалгаваргүй болгох санал гаргасан байна. Тун удахгүй Хятад даяар Цагаан сар тэргүүтэй урт амралт эхлэх гэж байгаа тул энэ амралтыг сурагчдад хэрхэн ачаалал багатай болгох талаар Хонконгийн Боловсролын товчооны хурлын үеэр ч яригдсан юм.

Эх сурвалж: yahoo,  scmp.com