Саудын Арабын сэтгүүлч Жамал Кашогги өнгөрсөн Мягмар гарагт Турк дахь Саудын Арабын консулын газарт ороод ор сураггүй алга болжээ. Туркийн засгийн газар сэтгүүлчийг консулын газарт зэрлэгээр амиа алдсан гэж үзэж байгаа юм.

Өдгөө 59 настай Жамал Кашогги өөрийн сүйт бүсгүй, Туркийн иргэн Хатич Ченгицтэй гэрлэхээр бичиг баримтаа цэгцлэхээр консулын байр луу орсон байна. Ченгиц түүнийг консулын байрны гадаа 11 цаг хүлээгээд гарч ирээгүй гэнэ.

Саудын Арабын засгийн газар Кашоггиг консулын байрнаас гарсан гээд Туркийн төлөөлөгчид консулын газарт нэгжлэг явуулах боломжтой гэжээ.

Үүний хариуд Туркийн засгийн газар Кашоггиг консулын газраас гарсан гэдгийг нотлох баримт шаардсан байна. Мөн тэд Саудын Арабын засгийн газар Кашоггиг алуулахаар 15 хүнтэй баг илгээсэн гэж үзжээ.

Вашингтон пост сонинд ажилладаг Кашогги нь Саудын Арабын засгийн газрын талаар шүүмжилсэн нийтлэл бичдэг байсан юм. Тэрээр өмнө нь Засгийн газрын томоохон хэвлэлд ажилладаг байсан ба удирдах албаны хүмүүстэй дотно байсан гэнэ.

Гэвч өнгөрсөн жил угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман томоохон бизнес эрхлэгчид, дээдсийн гэр бүлийнхнийг баривчилсан явдлын дараа Кашогги эх орноо орхин Америкийг зорьжээ.

Эх сурвалж: Business Insider, Xinhua