БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай тогтоолын төслийг өргөн барилаа.

Одоогийн байдлаар 14413 иргэний дээд боловсролын диплом 16 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд Боловсролын зээлийн санд хадгалагдаж байгаа юм. Иймд холбогдох хууль, Засгийн газрын шийдвэрийг үндэслэн УИХ-ын тогтоол, журмын төслийг боловсруулсан байна.

Журмын төсөлд:

  • Сургалтын төлбөрийн зээлийг дотоод, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад шаардлага ханган элссэн, хяналтын тоонд багтсан иргэнд олгох;
  • Зээл авсан оюутан сургууль төгсөж, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж эхэлснээс хойш 10 жилээс ихгүй хугацаанд гэрээний дагуу зээлийг эргэн төлөх;
  • Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцан төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ 3 жил улсдаа ажиллан, нийгмийн даатгал төлсөн тохиолдолд сургалтын зээлийн 50 хувийг хөнгөлөх;
  • Эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо болон эх орноо төлөөлөн гадаадад 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллан, нийгмийн даатгал төлсөн тохиолдолд зээлээс бүрэн чөлөөлөх;
  • Иргэн нас барсан, хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдсан тохиолдолд зээлийг хүчингүй болгох;
  • Сургалтын төлбөрийн зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр тусгасан байна.

Сургалтын төрийн сан 1993 онд байгуулагдаж, нийт 30 мянга гаруй иргэнд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, 70 мянга гаруй иргэнд сургалтын төлбөрийн зээл олгожээ. 

Мөн 1997 оноос хойш 2200 иргэн гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцахдаа сургалтын төлбөрийн болон амьжиргааны зээл, 2000 оноос хойш 55 мянга гаруй төрийн албан хаагчийн хүүхэд сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан байна.

Засгийн газраас баталсан журамд зааснаар дотоодын их, дээд сургуульд зээлээр суралцан төгссөн иргэний ажилласан жилийг харгалзан 2004, 2008 онд зээлээс чөлөөлж байжээ.