ХХААХҮЯ-аас хонины махан ашиг шим ба экспортыг нэмэгдүүлэх боломж сэдэвт хэлэлцүүлгийг холбогдох байгууллагуудтай хамтран зохиолоо.

Хэлэлцүүлгээр мал сүргийн бүтцийг зохистой байлгах, түүнд тулгуурлан махны экспортыг нэмэгдүүлж, шинжлэх ухаан, технологийн боломжийг ашиглах, био аюулгүйн шаардлагыг хангах зэрэг олон асуудлыг хөндсөн байна.

Мөн мал сүргийн бүтцэд тулгуурлан хонин сүргээс 180 орчим мянган тонн мах экспортлох боломжит нөөц бий гэдгийг ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Сауле хэллээ. Учир нь манай улсын нийт мал сүргийн 45.4 хувийг хонь, 41.2 хувийг ямаан сүрэг эзэлж байгаа ба энэ нь сүргийн бүтцийг алдагдуулж, бэлчээр доройтох, улмаар мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг бууруулахад шууд нөлөөлж байгаа гэнэ.

Иймд малчид, мах боловсруулах үйлдвэрүүд гадаадын зорилтот зах зээлийн шаардлагад нийцүүлэн мах, махан бүтээгдэхүүнээ бэлтгэн нийлүүлэх, хонины мах, тэр тусмаа бэлчээрийн хурганы шүүслэг махыг тодорхой бүс нутагт брэнд бүтээгдэхүүний хэмжээнд хүртэл нутагшуулахыг зорин ажиллах нь зүйтэй гэжээ.

Засгийн газраас ХАА-г эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, иргэдээ эрүүл аюулгүй хүнсээр хангах, хүнс экспортлогч орон болох зорилт тавьсан юм. Үүнд мах махан бүтээгдэхүүний экспорт голлох үүрэг гүйцэтгэнэ гэж албаныхан үзжээ.

Энэ утгаараа 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 50 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортлох зорилт тавьж, 2017 онд Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг батлан энэ оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Хуулийн дагуу Мал эмнэлгийн ерөнхий газрыг шинээр байгуулж, мал эмнэлгийн төрийн үйлчилгээг бүх шатанд хүргэж, малын эрүүл аюулгүй байдлыг ханган ажиллаж экспортыг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Гаалийн энэ оны 10-р сарын мэдээллээс үзэхэд манай улс 27.2 мянган тонн мах, 16 мянган тонн дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн экспортолсон нь дэвшүүлсэн зорилтоо 86.4 хувьтай биелүүлсэн үзүүлэлт юм.

Цаашид дээрх зорилтыг давуулан биелүүлэх, сүргийн 45.5 хувийг эзэлж буй хонины махыг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүн дотроо эр хургыг гадаад зах зээлд нийлүүлэх асуудлыг салбар яамнаас ихээхэн анхаарч байгаа гэнэ.

Зураг: ХХААХҮЯ