БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг, хотын дарга С.Амарсайхан тэргүүтэй хүмүүс БЗД-т баригдаж буй сургууль, цэцэрлэгийн царцсан барилгын ажилтай танилцаж, зарим арга хэмжээг авахаар боллоо.

Засгийн газраас анх 2013 онд 72 сургууль, цэцэрлэгийн барилга барих шийдвэр гаргасан ч тендерт шалгарсан Рич голден буллс эдукэшн компани заасан хугацаанд ажлаа гүйцэтгээгүй учир түдгэлзүүлсэн байна. Улмаар 2018 оны тавдугаар сард дахин тус компанитай гэрээ байгуулж нийслэлийн 23 байршилд сургууль цэцэрлэгийн цогцолборын 23 барилгыг барьж дуусгах чиглэл өгчээ.

Гэвч өнөөдрийг хүртэл газар шорооны ажлаас өөр дорвитой ажил хийгдээгүй байгаа бөгөөд дээрх барилгуудаас 50 хувийн гүйцэтгэлтэй нэг, үлдсэн байршлуудад 5-20 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэнэ.

Иймд Хотын даргын зүгээс ажлаа гүйцэтгээгүй, хариуцлага алдсан компаниудтай хийсэн концессын гэрээг цуцалж, дахиж хамтран ажиллахгүй байх, олгосон газруудаа цуцалж, сургууль, цэцэрлэг гээд бусад нийгмийн байгууламжаа барих ажлаа хийнэ гэж мэдэгдлээ.

Харин БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг сургууль, цэцэрлэг хэрэгтэй байгаа учир 40-50 хувийн гүйцэтгэлтэй байгаа зарим газруудын ажлыг үргэлжлүүлэх боломж байгаа эсэхийг судлах үүрэг өглөө.

Дашрамд дурдахад, боловсролын салбарт 2020 онд гэхэд нийт 100 сургууль, 130 орчим цэцэрлэгийн барилга барих, өргөтгөх ажил хийхээр төсөвлөжээ. Үүнээс энэ онд улсын төсвөөр 15, гадны хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлээр найман сургууль цэцэрлэгийг ашиглалтад оруулах юм.

Зураг: НЗДТГ