Хотын хойд зах гэж болохоор Чингэлтэй дүүргийн 16-р хорооны дэргэд Гэгээлэн төв байрлана. Энэ төвд 6-25 насны 30 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эх орондоо хэрэгтэй иргэн болохоор суралцана. 

Гэвч тэдний 10 нь бэрхшээлээсээ шалтгаалж Гэгээлэн төвөөс өөр ямар нэг сургуульд суралцдаггүй байна. Учир нь ЕБС-иуд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүнд, хөнгөнөөр нь ялгаварлаж, “Ярьж чадахгүй бол манайх авахгүй” гэдэг байна. Үүнээс болж хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролын гадна үлдсээр байгаа юм. 

Салбар яамны мэдээлснээр манай улсад 10 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагийн 6518 нь өнгөрсөн онд боловсролд хамрагдсан байна. Хэдийгээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг 100 хувь боловсролд хамруулж чадахгүй байгаа ч энэ бол хангалттай тоо” гэж БСШУСЯ-ны Тэгш хамруулан суралцуулах бодлого хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Гэрэлтуяа хэллээ. 

Гэвч 2014 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй Ц.Уянга 30-40 хувь нь боловсролд хамрагдаж байгаа гэсэн юм. Бэрхшээлээсээ болж боловсролын гадна үлдэж буй хүүхдүүдийн тод жишээ нь Ц.Уянгын охин. Түүний охин 2006 төрсөн бөгөөд хавсарсан хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй. Тэрээр тавдугаар ангиа төгстөл Чингэлтэй дүүргийн 72-р сургуульд суралцсан боловч дунд ангийн хичээлийг гүйцэхгүй гэх шалтгаанаар сүүлийн нэг жил гэртээ өнжиж байгаа гэнэ. 

“Миний охин энгийн хүүхдүүдтэй таван жил сурсан учир цаашид энгийн сургуульд л явуулмаар байна. Гэтэл сургуульд нь охинд минь тохирсон хөтөлбөр боловсруулах хүн, туслах багш нь ч алга. Уг нь яамнаас гаргасан хууль, журам хэрэгждэг байсан бол өдийд миний охин энгийн хүүхдүүдтэй хамт сурч байх байлаа” гэж Ц.Уянга хэлсэн юм. 

Түүний хэлснээр ЕБС-иуд туслах багш байхгүй, ганцаарчилсан хөтөлбөрийг боловсруулах боловсон хүчингүй гэх түгээмэл шалтгаанаар тусгай сургуульд сургахыг зөвлөдөг байна. Гэвч Тэгш хамран сургах журам болон Бага дунд боловсролын хуульд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчин нөхцлийг сургууль бүрдүүлнэ” гэж заажээ. 

Тиймээс энэ талаар Б.Гэрэлтуяагаас тодруулахад, “Тэгш хамруулан сургах журамд багшийн нэмэгдэл, хүүхдийн хувьсах зардал, ганцаарчилсан хөтөлбөр гээд бүхий л зүйлийг нарийн зааж өгсөн. Сургуулиуд хэрэгжүүлэх үүрэгтэй гэсэн” боловч хууль журмыг хэрэгжүүлээгүй сургуулийн удирдлагуудад хэрхэн хариуцлага тооцох талаар дурдаагүй юм. 

Хэрэгждэггүй журам, хэрэгжүүлдэггүй дарга нараас болж хэчнээн хүүхэд дахин нэг жилийг боловсролын гадна өнгөрүүлэхийг тааварлахын аргагүй ч энэ тоо Гэгээлэн төвийн хүүхдүүдээр хязгаарлагдахгүй юм. 

Хар дээр цагаанаар бичсэн журам тань хэзээнээс бүрэн хэрэгжиж, Монголын үрс тэгш боловсролд хамрагдах вэ Ё.Баатарбилэг сайдаа? Тэд ч бас дүрэмт хувцсаар жигдэрч, боловсролд хамрагдах эрхтэй Монгол улсын иргэд юм шүү!!!