МХЕГ-аас ЕБС, цэцэрлэгийн орчимд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийлээ. Шалгалтад 13 ААН, иргэн хамрагдсан ба жижиглэн савласан элсэн чихэр, гурил, будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүнд шошго тавиагүй, дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдөөгүй зэрэг зөрчил илэрсэн байна. 

Иймд нэг ААН-г торгож, нэг иргэнд шийтгэлийн арга хэмжээ авчээ. Мөн сургуулийн ойр орчимд байрлах 11 ТҮЦ-т түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглох стикерийг наасан байна.               

ТҮЦ-т худалдаалагдаж буй түргэн хоолноос хордлого авах магадлал өндөр байдаг. Учир нь эдгээр бүтээгдэхүүн нь түргэн муудах эрсдэлтэй юм. 

Хамгийн сүүл буюу долдугаар сарын 22-нд ТҮЦ-ээр худалдаалагдаж байсан хаяг, шошгогүй хиам, өндөгтэй хавчуургатай талхыг идсэн 22 иргэн хоолны хордлогод орсон байна.

Мөн хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд үдийн цайнаас хордлого авсан хэд хэдэн тохиолдол гарсан юм. Тухайлбал, энэ сарын 12-нд Уудам Монгол ахлах сургуулийн 22 хүүхдэд хоолны хордлогод орсон байна.