БСШУСЯ-аас Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн дөрөвдүгээр шат хэрэгжиж эхэллээ.

Дөрөвдүгээр шатыг Сургуулийн эцэг эх, багшийн холбоо ба тусгай сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр, 650 ЕБС-ийн дунд өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөр гэсэн хоёр хэлбэрээр зохион байгууллаа.

Тэтгэлэгт хөтөлбөр нь 2015-2018 онд гурван үе шаттайгаар хэрэгжиж, төслийн санал бүрт 2-3 мянган долларын санхүүжилт олгосон ба нийт 1100 төслийг 656 ерөнхий боловсролын сургууль хэрэгжүүлсэн байна.

Нэг. Сургуулийн эцэг эх, багшийн холбоо ба тусгай сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр

Сургуулийн эцэг эх, багшийн холбоо ба тусгай сургуульд зориулан бэлтгэсэн “Тэтгэлэгт хөтөлбөрийн гарын авлага”-ын дагуу таван тусгай сургууль 2019 оны 1 дүгээр сарын 16-ны дотор, 32 СЭЭБХ 2 дугаар сарын 25-ны дотор төслийн саналаа ирүүлсэн болно. Төслийн саналуудыг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийн дагуу сайжруулан эцэслэв. БСШУС-ын Сайдын 2019 оны 4-р сарын 23-ны өдрийн А/234 дүгээр тушаалын дагуу Тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээг таван тусгай сургууль, 32 Сургуулийн эцэг эх, багшийн холбоотой гэрээ байгуулан санхүүжилтийг олголоо. Сургуулийн эцэг эх, багшийн холбоо ба тусгай сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих нийт 37 төсөл нь 2018-2019 оны хичээлийн жилд төслөө хэрэгжүүлж эхлээд байна.

Хоёр. Өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөр

Сургуулийн өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд дараах таван чиглэлээр 650 сургууль 2019 оны 2-3 дугаар сард бага ангийн нэгдлийн хамт олноороо төслийн санал боловсруулах ажлыг зохион байгуулсан. Үүнд:

Чиглэл 1. Нэгдүгээр ангийн суралцагчдын сургалтын үйл ажиллагаанд дасан зохицох чадварыг дэмжих;Чиглэл 2. Багшийг ажлын байранд нь, хэрэгцээнд нь тулгуурлан хөгжүүлэх, бусдаас суралцах боломжийг нэмэгдүүлэх, туршлага солилцох;

Чиглэл 3. Суралцагсдад ялгавартай хандах арга зүй, аргачлалыг туршин хэрэгжүүлэх;

Чиглэл 4. Дотуур байранд амьдардаг бага ангийн сурагчдын сурлагын амжилтыг хичээлийн бус цагаар дэмжих;

Чиглэл 5. Бага боловсролын менежерүүдийг чадавхжуулах

Чиглэл 1-д сургуулийн суралцагчийн тооноос хамааран төслийн санал бүрд 5000$, 10000$; Чиглэл 2-т төслийн санал бүрд 5000$; Чиглэл 3-т аргачлал турших бүлгийн тооноос хамааран төслийн санал бүрд 4000$, 6000$; Чиглэл 4-д төслийн санал бүрд 10000$; Чиглэл 5-д төслийн санал бүрд 6000$ санхүүжилт олгохоор Гарын авлагад заагдсан. 4 дүгээр сарын 5 гэхэд БСШУСЯ нийт 21 аймаг, Улаанбаатар хотын сургуулиуд болон бага боловсрол хариуцсан мэргэжилтнүүдээс нийт 1,223 төслийн санал хүлээн авсан болно. БСШУС-ын Сайдын 2019 оны 4-р сарын 9-ны өдрийн А/78 дугаар тушаалаар Сонгон шалгаруулах зөвлөл байгуулж, таван ажлын хэсэг чиглэл тус бүрээр ирүүлсэн төслийн саналд нэг бүрчлэн үнэлгээ өгч, өрсөлдөөнт шалгаруулалтын дагуу сонгон шалгарууллаа.

БСШУС-ын Сайдын 2019 оны 5-р сарын 3-ны өдрийн A/284 дүгээр тушаалаар шалгарсан 351 төслийн саналд нийт 5,904,040,752 төгрөгийн санхүүжилт олгохоор батлалаа. Тушаалын дагуу БСШУСЯ нь 21 аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар (БСУГ), Нийслэлийн Боловсролын газар (БГ)-тай “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийг санхүүжүүлэх гэрээ”-г байгууллаа.

Тэтгэлэгт хөтөлбөрийн онцлог, үр дүн

Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн онцлог нь Монгол Улсын бүх ЕБС-ийг хамарсан, сургуулийн түвшинд төлөвлөлт хийх чадавхыг бэхжүүлэх шинэлэг арга зам бөгөөд сургууль бүрийн онцлог, хэрэгцээ, багш, эцэг эхийн санал, орон нутгийн эрэлтэд үндэслэн төслийн саналаа сургууль бичиж ирүүлдэг. Сургуулиудын төслийн хэрэгжилтийн явц, тайлангаас харахад төслийн үр дүнд бага ангийн суралцагчдын хөгжил, суралцах чадварт дараах бодит өөрчлөлтүүд гарсныг дурджээ. Үүнд:

  • Бага ангийн эх хэл, байгалийн ухаан, математикийн сургалтын чанар сайжирч, сургалтын хэрэглэгдэхүүний хүрэлцээ нэмэгдэн, мэдлэгээ практикт ашиглах хэрэгслүүдтэй болсноор сурагчид илүүтэй чадваржиж байна.
  • Оюун ухаан хөгжүүлэх тоглоом, хэрэглэгдэхүүн болон ёс заншлын өргөө, уламжлалт наадгайгаар дамжуулан сурагчдыг бие даан суралцах хүсэл эрмэлзлийг төрүүлэн, ажилсаг, эвсэг, цэгцтэй болгон төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр боллоо.
  • Орон нутгийн онцлогт тулгуурласан төслөөр дамжуулан мартагдаж буй өв соёлыг сэргээх, сумын болон багийн ахмад настнаас суралцах үйлд бага ангиасаа эхлэн оролцдог боллоо.
  • Хүүхдийн чөлөөт цагаараа хийх үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр өгч, дугуйлангийн тоо нэмэгдсэнээр суралцагчдын хичээлийн идэвхэд дөхөм өгч байгааг багш нар дурдлаа.
  • Сургуулиуд шинээр электроник, робот, байгалийн ухаан, ардын уламжлалт оньсон тоглоом, монгол гэр, эсгий хийх тоног төхөөрөмж, UNIMAT, STEM-ийн хэрэглэгдэхүүнтэй боллоо. Мөн ардын болон цахилгаан хөгжмийн бааз суурь дээр тулгуурлан шинэ хөгжмийн зэмсгээр баяжилт хийж, сумын төвийн соёлын төвд хэрэглэгдэхгүй байсан хөгжмүүд ч сурагчдын гарт очиж хөглөгдөж байна.
  • Эх хэлний хичээлийг дэмжсэн бяцхан сэтгүүлч, уран уншлага, дүрд тоглох, театрчилсан тоглолт зэрэг төслүүд нилээд олон байсан нь эх хэлний сургалтад сайнаар нөлөөлж байна.
  • Сум болон орон нутгийн удирдлага, хувь хүн, аж ахуйн нэгжүүд төслийн үйл ажиллагаанд оролцон бага ч гэсэн зүйлээр санхүүгийн болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлдэг боллоо.
  • Хүүхэд өөрийгөө гэр бүл, эцэг эх, хамт олон, тухайн оршин суугаа нутгийн иргэдэдээ таниулах бололцоог олгож байна.
  • Багш нарын хамтын ажиллагаа сайжирч хичээл, үйл ажиллагаагаа хамтран бэлтгэх, хэрэглэгдэхүүнийг олон дахин ашиглах хэрэглээний аргад суралцаж байна.