ЭМЯ-аас Хятадын Засгийн газрын хөгжлийн албан ёсны туслалцааны хүрээнд энэ онд бэлгийн замын өвчлөл, сүрьеэ болон зүрх судасны өвчний чиглэлээр нийт 90 эмч мэргэжилтнийг сургалтад хамруулахаар тохиролцлоо.

Энэ хүрээнд тус улсын Худалдааны яамнаас Монгол эмч мэргэжилтнүүдэд зориулсан сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалтыг энэ сарын 31-ээс ирэх сарын 20-нд Бээжинд зохион байгуулахаар болжээ. Энэхүү сургалтад ЭМЯ-аас нийслэл болон орон нутгийн сүрьеэгийн 30 эмч, мэргэжилтнийг хамруулахаар болсон байна. 

Сургалтын бүхий л зардлыг Хятадын талаас дааж байгаа ба сургалтад хамрагдсанаар эмч нар мэдлэг, туршлагаа нэмэгдүүлэх, сайн туршлагаас харилцан суралцаж, шинэ санаа санаачилга нэвтрүүлэх боломжтой гэдгийг эмч, мэргэжилтнүүд онцоллоо. 

Хятадын Худалдааны яамнаас жил бүр эмч мэргэжилтнүүдэд 2-3 долоо хоногийн сургалтыг зохиодог бөгөөд манай улсын мэргэжилтнүүд тогтмол хамрагдсаар ирсэн байна. 

Тухайлбал, 2015 онд зохион байгуулагдсан эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр гурван их эмч, 2017 онд эх хүүхдийн эрүүл мэнд, мэдрэлийн өвчин, зүрх судасны эмгэг болон сувилахуйн чиглэлээр дөрвөн удаагийн сургалтад нийт 26 эмч мэргэжилтнүүд хамрагджээ. Харин өнгөрсөн онд нийт таван удаагийн сургалтад 48 эмч мэргэжилтнүүд тус тус хамрагдсан байна. 

Дашрамд дурдахад, статистик мэдээллээс харахад он гарсаар эхний долоон сарын байдлаар халдварт өвчнөөр өвчлөгчид 26 мянга болж өсжээ. Тэр тусмаа сүрьеэгээр өвчлөгчид 82 болж өмнөх оноосоо 3.6 хувиар өссөн байна.