Олон эмэнд тэвсэртэй сүрьеэг шинэ эм хэрэглэхгүйгээр эмчилгээний хугацааг 9-11 сарын хугацаанд богиносгож чадсан орны тоонд Монгол багтлаа. 

Эхний арван сарын байдлаар манай улсад 85 хүн богино хугацааны эмчилгээний горимоор эмчлэгдсэн байна. Ингэснээр өвчтөн, болон гэр бүлд үзүүлэх санхүүгийн дарамтыг бууруулж байгаа юм.

Өнгөрсөн 2014 оноос ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиник, сүрьеэгийн лавлагаа лаборатори, Монголын сүрьеэтэй тэмцэх холбоо хамтран олон улсын STREAM эмнэлзүйн судалгааны багт ажилласан байна. 

Судалгааны нэгдүгээр шатанд Монгол, Вьетнам, Өмнөд Африк, Этиоп зэрэг сүрьеэгийн дарамт өндөртэй орнууд оролцож, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээний хугацааг шинэ эм хэрэглэхгүйгээр 9-11 сар болгон богиносгож чаджээ.

Харин судалгааны хоёрдугаар шатанд бедаквилин хэмээх 40 гаруй жилийн хугацаанд  гарган авсан шинэ эмийг есөн сарын хугацаанд ууж хэрэглэх эмнэлзүйн судалгааны ажил ХӨСҮT-д үргэлжилж байна. Одоогоор энэ горимоор 41 хүнийг эмчлээд байгаа юм.

Өмнө нь ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу олон эмэнд тэсвэртэй сүрьеэг хоёр жил хүртэлх хугацаанд эмчилдэг байсан ба өдөрт 4-5 төрлийн эмийг хэрэглэдэг байжээ. Энэ нь олон төрлийн хүчтэй эмүүд хэрэглэдэг тул гаж нөлөө илэрдэг бөгөөд эмчлүүлэгчид эмчилгээгээ таслах нь элбэг тохиолддог байна.