Сүүлийн 250 жилд 600 орчим ургамал, амьтны төрөл зүйл устаж үгүй болсон ба энэ нь байгалийн жамаас 500 дахин хурдан устсан болохыг Их Британи, Шведийн эрдэмтдийн хамтарсан судалгаагаар тогтоожээ.

Үүний 217 төрөл нь шувуу, сүүн тэжээлтэн, хоёр нутагтан юм. Мөн жил бүр хоёр төрлийн ургамал устаж үгүй болдог ба заримыг нь олж нээгээгүй байдаг гэнэ. Ихэвчлэн халуун орнуудад ургамлын мөхлийн түвшин өндөр байгаа юм.

Хүн, амьтны амьсгалдаг хүчилтөрөгчийн ялгаралтад ургамал чухал үүрэгтэй. Иймээс ургамал мөхөх нь тэдгээрээр хооллодог, өндгөө гаргадаг шавьж хорхой зэрэг амьтдыг устахад хүргэх эрсдэлтэй байна.

Үүнээс сэргийлэхийн тулд дэлхий дээрх бүх ургамлыг бүртгэх, ургамлын төрөл зүйлийг хатаамал хэлбэрээр хадгалах, ургамал судлаачдыг дэмжих, хүүхдүүддээ ургамлын талаар таниулах зэрэг арга хэмжээ авах хэрэгтэйг судлаачид хэлжээ.

Эх сурвалж: Dailymail, BBC