Сүүлийн үед хуул дүрэм мөрдөөгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хангаж ажиллаагүйн улмаас уул уурхайн салбарт осол аваар гарах нь ихсэж, эрдэнэт хүний амь нас хохирсоор байгаа юм.

Тухайлбал, уул уурхайн салбарт сүүлийн 3 жилд 189 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж, 22 хүн нас барж, 92 хүн хүнд бэртэж, 75 хүн хөнгөн бэртсэн байна. Өнгөрсөн онд гэхэд үйлдвэрлэлийн осолд 73 хүн өртөн 12 хүн нас барж, 61 хүн хүнд, хөнгөн бэртсэн нь тухайн жилийн нийт ослын 25.8 хувийг эзэлж байгаа юм.

Ослын шалтгааныг гарсан орчноор нь авч үзвэл уурхайн болон үйлдвэрлэлийн талбайд нийт ослын 74 хувь, хүчин зүйлээр нь авч үзвэл ажлын байрны орчин, техник технологи, удирдлагын тогтолцоо зэрэг нь 65. 8 хувийг тус тус эзэлж байна.

Иймд МХЕГ-аас ул уурхай эрхэлдэг ААН, энэ салбарт хөдөлмөр эрхэлж буй ажилтнуудад зөрчлөө бүрэн арилгах, дагаж мөрдөх зөвлөмж хүргүүлжээ.

Үүнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, холбогдох хуулийг чанд мөрдөх, уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхийн өмнө Аюул, ослоос урьдчилан сэргийлэх төлөвлөгөө гарган батлуулах, осол гарч болзошгүй бүст сэргийлэх дохио, анхааруулга, тэмдэг тэмдэглэгээ, хамгаалалт тавих зэргийг тусгажээ.

Мөн ажилтнуудаа аюулгүй ажиллагааны сургалтад хамруулан дадалжуулах, насанд хүрээгүй хүнийг ажиллуулахгүй байх, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээг хийж биелэлтийг хангуулах зэргээр мөрдөж ажиллахыг анхааруулсан байна.