УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж, нэр бүхий таван гишүүн иргэдийн хамт Чингисийн талбайд хоёр удаа жагссан ч төдийлөн үр дүнд хүрээгүй юм. Тиймээс гэр барин суулт зарлаж, өлсгөлөн зарлах зэргээр тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдсэн билээ.

Ийнхүү өчигдрийн тайван жагсаал дууссаны дараа жагсагчид Чингисийн талбайн урд зогсоолд гэр барьж эхэлсэн юм. Одоогийн байдлаар 33 гэр барьсан байгаа ба суулт зарлаж эхлээгүй байна.

Энэ талаар суулт зарлах иргэдийн төлөөллөөс лавлахад, “Өчигдөр шөнийн чуулганы хуралдааны шийдвэрийг хүлээж байна. Хэчнээн хүн суулт зарлах эсэх нь өнөөдөр тодорхой болно” гэлээ.

Жагсаал зохион байгуулсан гишүүдийн хэлснээр “300 хүн суулт зарлах гарын үсэг зурсан ба НЗДТГ-аас 300 гэр барих зөвшөөрөл авсан” гэж мэдэгдсэн юм.

Гэвч талбайн урд зогсоолд 300 гэр багтахгүй учир үлдсэнийг нь бариагүй байна. Ямартай ч тэд өнөөдрийн чуулганаар М.Энхболдыг огцруулах асуудлыг шийдвэрлэхгүй бол суултаа эхлүүлнэ гэж мэдэгдлээ.

Сануулбал, УИХ-ын 40 гаруй гишүүн М.Энхболдыг огцруулахаар 11 сарын 22 хойш бойкот зарлан тэмцэж эхэлсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүй байна. Тиймээс Ерөнхийлөгч улс төрийн гацааг арилгахын тулд М.Энхболдыг огцруулах хуулийн төсөл боловсруулсан юм.

Уг хуулийн төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу өчигдөр шөнө чуулганаар шуурхай хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлдэхийг дэмжсэн байна.