Хүүхэд зургаан настай байхаас эхлэн сүүн шүдний ард байнгын том араа ургаж эхэлдэг байна. Ийнхүү сүүн шүд дараалан унаснаар хүүхдийн байнгын шүд ургаж гүйцдэг болдог.

Гэвч хүүхдийн сүүн шүд эрүүл байснаар ирээдүйд ямар нэг өвчлөлгүй сайн шүдтэй болдог гэнэ. Гэтэл дийлэнх эцэг эхчүүд “унах юм чинь” гэж хайхраагүйгээс болж хүүхэд ам дүүрэн цоорхой шүдтэй болдог байна.

Энэ нь цаашлаад хүүхдийн эрүү нүүрний гажиг, согог , үйл ажиллагааны алдагдал, эрүүний үений өвчин, буруу хазалт зэрэг сөрөг үр дагаварт хүргэдэг гэдгийг мэргэжлийн эмч нар санууллаа.  

Хэрэв таны хүүхэд зайлшгүй шалтгаанаар шүдээ авахуулсан тохиолдолд заавал хиймэл шүд хийлгэж эрүү нүүрний гажгаас сэргийлэх ёстой гэнэ.

Шүдний гажиг нь удамшил, жирэмсэн эхийн өвчлөл, хэрэглэж буй эм тариа, архи тамхины хэрэглээ, хооллолт, төрөх үеийн гэмтэл, төрсний дараа хооллолт , угжны хэлбэр, шүдний цоорол, шүд хавирах, доод уруул хөхөх зэргээс болдог байна.

Иймд хүүхдийнхээ шүдийг тогтмол зөв угааж өгөх хэрэгтэй. Ингэхдээ араа шүдний хацар талаас, үүдэн шүдийг шүүрдэх, эргэлдэх хөдөлгөөнөөр угаах нь зүйтэй юм. Мөн чихэрлэг бүтээгдэхүүний оронд кальциар баялаг сүү, ааруул цагаан идээг тогтмол хэрэглээрэй.

Үүнээс гадна шүдний хатуулаг чанарыг сайжруулж бат бөх болгоход фтор чухал үүрэгтэй юм. Тиймээс фтортой оогоор өдөрт хоёроос доошгүй удаа угааж хэвшсэнээр шүдний хатуулаг эд бэхжиж, цооролтоос сэргийлнэ. Гэхдээ том хүний оогоор угаахаас татгалзах нь зүйтэй бөгөөд фтор нь том хүний оонд хүүхдийнхээс гурав дахин их агуулагддаг байна.