ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт 2020-д оролцох зорилгоор Германы Берлин хотод айлчилж байна. Айлчлалын хүрээнд Норвегийн ХАА, хүнсний сайд Олауг Боллестадтай уулзжээ. 

Энэ үеэр Норвегийн талаас өвлийн улиралд тэсвэртэй, сүүний гарц сайтай улаан тарланг нутагшуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа мэдэгдсэн байна. 

Улаан тарлан эр үхэр нь 1300 кг, эм нь 600 кг жинтэй ба дэлхийн 30 гаруй оронд нутагшуулжээ. Сүү нь 4.2 хувийн тослогтой, жилд 8-16 мянган литр сүү гаргадаг сүүний чиглэлийн хамгийн сайн үүлдэр юм.

Мөн тус улсын ГЕНО хөдөө аж ахуйн хоршооны туршлагыг хуваалцах, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэсэн байна. 

Харин манай талаас Норвегийн хүйтэнд тохиромжтой ноос, ноолууран бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой гэжээ.