Хэлэлцээрийн эхэнд манай талаас Швейцарын парламентын олон нийтийн санал асуулга явуулдаг, иргэдийн төлөөлөл болон шууд ардчиллын зарчмыг хэрэгжүүлдэг, хууль тогтоох үйл ажиллагаанд сонгогчдын оролцоог хангадаг туршлага, чуулганы хуралдааны дэгийн сайн жишгийг судлан, нэвтрүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлжээ.

Мөн язгуур болон сонгодог урлагийг сурталчлах тоглолтыг Швейцарт зохиох, дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотод уран зураг, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах санал дэвшүүлсэн байна.

Түүнчлэн Европын чөлөөт худалдаатай холбоотой хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 2020-2024 оны гишүүний сонгуульд Швейцарыг дэмжинэ гэдгээ мэдэгдлээ.

Харин Марина Гүшетти Г.Занданшатарын дэвшүүлсэн асуудал, санал хүсэлтийг онцгойлон анхаарч, Үндэсний зөвлөл болон хувиасаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэжээ.

Үүнээс гадна Монголын засгийн газраас баталсан оффшор бүсийн жагсаалтад Швейцарыг оруулсан явдлыг ярилцаж, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулагчдын харилцаанд саад учруулахгүйгээр асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна.

Ийнхүү хэлэлцээрийн төгсгөлд Г.Занданшатар Швейцарын Үндэсний зөвлөлийн хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Сонирхуулбал, манай улс Швейцартай 1964 онд дипломат харилцаа тогтоосон ба тус улсаас өтгөрүүлсэн, хуурай сүү, цөцгий, бяслаг, аарц, ширээ, шүүгээ, эм, машины тоног төхөөрөмж зэрэг 5,846.7 мянган долларын бүтээгдэхүүн импортолдог байна. Харин манай улс самнасан ноолуур, ноолууран эдлэл, хагас боловсруулсан алт, малын дайвар бүтээгдэхүүн зэрэг 230,368.5 мянган долларын бүтээгдэхүүн экспортолдог юм.