Сангийн сайд асан С.Баярцогт Рио Тинтогоос авилга авсан эсэхийг мөрдөн шалгах ажлын хүрээнд  Швейцарийн шүүх тус улсын банкан дахь 1.85 сая доллар бүхий хэд хэдэн дансыг хураан авсан байна.

Дээрх хураагдсан данснуудын нэгээс С.Баярцогт руу 10 сая доллар шилжүүлсэн хэмээн сэжиглэж байгаа учир тус дансыг хураасан гэж Швейцарийн ерөнхий прокурорын газар мэдээлжээ.

Манай улсын авилгатай тэмцэх газар Рио Тинтотой 2009 онд хийсэн гэрээг шалгаж байгаа бөгөөд энэ гэрээнд С.Баярцогт гарын үсэг зурснаар Оюу Толгойн төсөл Өмнөговьд эхэлж байсан юм.

‘Хэргийг мөрдөн шалгаж байна’ гэх шалтгаанаар С.Баярцогтын болон Рио Тинтогийн нэрийг Швейцарийн шүүх, прокурорын газрын аль нь ч албан ёсоор зарлаагүй ч шүүхийн материалаас тодорхой байна гэж Роётерс агентлаг мэдээллээ.

Швейцарийн ерөнхий прокурорын газар 2016 оноос эхлэн уг хэргийг шалгаж эхэлсэн ба дээрх хаагдсан данснууд нь С.Баярцогтын хувийн данс руу нийтдээ 8.2 сая евро шилжүүлсэн бөгөөд энэ нь түүнийг 2008 оны есдүгээр сард Монголын сангийн сайд болох үедтэй нь давхцаж байгааг шүүхийн баримт нотолжээ.

“Сангийн сайд асан С.Баярцогтын гарын үсэг зурсан гэрээ Монголын талд ашиггүй гэдгийг батлах хэд хэдэн үзүүлэлтүүд байна” гэж Швейцарийн шүүхийн мэдэгдэлд мөн дурджээ.

Хаагдсан данснуудыг хэн эзэмшдэг нь одоогоор ил болоогүй байна. Швейцарийн шүүхийн үзэж буйгаар уг их хэмжээний мөнгө хаанаас яаж олдсон нь тодорхойгүй байгаа нь энэ хэргийг мөнгө угаалтын нэг хэлбэр гэж үзэх нотолгоо болж байна гэжээ.

Хэргийн тухай илүү нарийн мэдээллийг шүүх өгөхөөс татгалзаад хэн нэгнийг буруутан гэдгийг албан ёсоор тогтоох хүртэл хэн ч буруутан биш гэлээ.

Сануулбал, сайд асан С.Баярцогтыг Швейцарийн банканд нэг сая долларын данстай хэмээн анх 2013 онд Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум мэдээлж байсан юм. Энэ тухайд С.Баярцогт “Тэр мөнгө бүгдээрээ минийх биш” гэж байв. Түүний хэлснээр 200 мянган долларыг гэр бүлийн бизнес буюу газар тариалангийн орлого, үлдсэн 800 мянга нь нэрийг нь дурдахыг хүсээгүй бизнесийн хамтрагч, гурван найзынх нь гэж байжээ.

"Би тэр дансыг нээлгэх хэрэггүй байсан юм. Би нэр хүндэдээ санаа зовохгүй байна. Гэр бүлдээ санаа зовж байна" гэж мөн ярьж байжээ.