Азийн  аварга шалгаруулах шатарчдын тэмцээнд 20-иод орны 100 гаруй тамирчид өрсөлдсөнөөс манай улсаас ОУМ Б.Мөнгөнтуул, Н.Баттулга, С.Билгүүн, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Т.Мөнхзул, мастер Г.Амартүвшин нар оролцсон байна. Ийнхүү Дэлхийн шатрын холбооны дэд мастер Т.Мөнхзул ААШТ-ээс хүрэл медаль хүртлээ.

Тэрээр есөн өргийн тоглолтоос зургаан оноо авч хүрэл медаль хүртсэн бөгөөд Казахстаны тамирчин С.Динара 7.5 оноогоор түрүүлж, Индонезийн тамирчин С.Харисма 7.0 оноогоор мөнгөн медаль хүртжээ.

Ийнхүү мастер Т.Мөнхзул нь ААШТ-ээс хүрэл медаль хүртсэнээр Монголын эмэгтэй шатарчдын анхны Ази тивийн медальтан болж байна.

Тэмцээний нээлттэй ангилалд Вьетнамын тамирчин Ли Куан Ли долоон оноогоор түрүүлсэн бол Энэтхэгийн шатарчид 2-4-р байрыг эзэлжээ. Монголоос ОУМ С.Билгүүн таван оноогоор 31-р байр, мастер Г.Амартүвшин дөрвөн оноогоор 55-р байр, ОУМ Н.Баттулга гурван оноогоор 69-р байр эзэлсэн амжилт үзүүлсэн байна.