Бид тоймлоё, Та унш

2019.05.22 Лхагва                                       29°C   2,647.18  Сайн нөхөртэй нөхөрлөнө

Чухлыг тоймлоё


Цэцэрлэгүүд мэргэжлийн хяналтын шалгалтад бүдэрлээ

НМХГ-аас улсын болон хувийн 274 цэцэрлэгт хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар давхардсан тоогоор 2860 зөрчил илэрсний 1185 нь сургалтын орчинтой холбоотой байгаа юм.

Мэргэжлийн багшгүй, зориулалтын байргүй цэцэрлэгүүд

Шалгалтад хамрагдсан цэцэрлэгийн 25% нь мэргэжлийн эрхлэгчгүй, 53% нь мэргэжлийн багшгүй, 65% нь биеийн тамирын заалгүй, хувийн цэцэрлэгийн 50% нь цэцэрлэгийн зориулалтын байргүй байжээ. Мөн улсын цэцэрлэгүүд хүчин чадлаасаа 1.5-2.5 дахин их хүүхэд авч байгаагаас үүдэн халдварт өвчин тархах нөхцөл бүрдсэн байна.

Тойм

Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй цоожтой хаалганы цаана үлдэх хүүхдүүд, хамрагдсан нэгэн нь багшдаа зодуулах зэргээр цэцэрлэг тойрсон асуудал олон бий. Хэдийгээр жил бүр цэцэрлэг шинээр барьж, заримыг нь өргөтгөж байгаа ч хүүхдүүдэд хүрэлцэхгүй хэвээр байна. Жнь: энэ жил 132 цэцэрлэг шинээр барьж, 19.640 хүүхдийг хамруулахаар төлөвлөсөн ч 20 гаруй мянган хүүхэд цэцэрлэгийн гадна үлдэнэ гэх тооцоо гарчээ.


Хаягдал усыг Төв цэвэрлэхэд нийлүүлэхийг хориглолоо

ЗГ-ын тогтоолын дагуу 5/15-аас машин угаалгын газар, арьс шир, архины үйлдвэр зэргийн хаягдал усыг төвлөрсөн шугам сүлжээнд хүлээн авахыг хориглолоо. Учир нь эдгээр газрын хаягдал усанд зөвшөөрөгдөх хэмжээнээс 4-7 дахин их хорт бодис байгаа нь тогтоогджээ. Энэ нь Төв цэвэрлэхийн горим, бохир ус цэвэршүүлэх стандартыг алдагдуулдаг гэнэ. Гэвч нийслэлд байгаа 238 ААН стандарт бус хаягдал усаа хаана хаях нь тодорхойгүй байна.


Оюутан цагдааг бүртгэж байна

Аялал жуулчлалын оргил үе эхэлж байгаатай холбоотойгоор Оюутан цагдаа хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. Бүртгэл 5/27 хүртэл үргэлжлэх ба зөв боловсон харилцаатай, хэлний мэдлэгтэй, их, дээд сургуулийн оюутнууд хамрагдах боломжтой юм. Оюутан цагдаа нь жуулчдын аюулгүй байдлыг хангаж, гэмт хэргээс сэргийлэхээс гадна түүх соёл, нийслэлээ сурталчилдаг байна. Тус хөтөлбөрийн дүнд 2018 онд жуулчдын холбогдсон гэмт хэрэг 44.8% буурчээ.


Хятад дрон хэрэглэгчийнхээ мэдээллийг ЗГ-таа өгдөг

Иймээс хэрэглэгчдийг Хятадын дрон худалдан авахдаа интернет сүлжээг нь унтрааж, аюулгүйн дижитал картыг нь салгахыг Америкийн ЗГ санууллаа. Харин Хятадын тал үүнийг няцааж, хэрэглэгчид мэдээллээ өөрсдөө хянадаг, ЗГ-т мэдээллийг дамжуулдаггүй гэжээ. Хятадын DJI компаний дрон дэлхийд өргөн хэрэглэгддэг ба ОУ-д ашиглагдаж буй дроны 74% нь тус компанийх байна.


Метроны гаж донтныг айлгах апп

Японы эмэгтэйчүүд галт тэргэнд гаж донтны золиос болох нь их байдаг учир Токиогийн цагдаа нар Digi Police гэх апп гаргажээ. Энэхүү апп-ыг хэрэглэснээр гаж донтон биед нь хүрэх, оролдох үед хохирогчдын утаснаас чанга дуу гарах эсвэл тусламж гуйсан мессеж ирдэг байна. Одоогоор тус апп-г 237 мянган хүн татсан ба 2017 онд Токиогийн метро, галт тэргэнд 900 удаагийн бэлгийн халдлага бүртгэгджээ.

Таны сонорт


Хүсэлт гаргасан хүн бүрт 6/1-ээс хүүхдийн мөнгө олгоно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр