Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Чингисийн төв талбайд Тайландын соёлын өдөрлөг анх удаа боллоо.

Өдөрлөгт манай улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагын төлөөлөл, дипломат байгууллагын тэргүүн нар оролцсон бөгөөд өдөрлөгийг нээж ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар, Тайландаас Монголд суугаа элчин сайд Прияа Хемпон нар үг хэлсэн юм. 

Түүнчлэн сайд Д.Цогтбаатар Тайландын Элчин сайд Прияа Хемпон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин, худалдааны хэмжээ нэмэгдэж байгаа ч төдийлөн хангалттай бус байгаа тул цаашид харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг талууд харилцан тэмдэглэллээ. 

Мөн энэ үеэр АХБ-ны санхүүжилтээр Хөшигийн хөндийд Монгол, Тайландын хамтарсан нарны цахилгаан станц амжилттай ажиллаж эхэлснийг ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар онцолж, цаашид улс орны хөгжилд өндөр үр өгөөжтэй төслүүдийг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Тайландын зүгээс худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, эдийн засгийн цар хүрээг өргөжүүлэхэд онцгой анхаарч байгаа гэлээ.

Дашрамд дурдахад, Монгол, Тайландын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2017 оноос эхлэн хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болсон юм.