Тайваний парламент ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрлөө. Ингэснээр энэ сарын 24-өөс эхлэн ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн Азийн анхны улс болж байна.

Гэхдээ уг хуульд Тайваний иргэн ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрөөгүй орны иргэдтэй гэрлэж болохгүй гэж заажээ.

Өөртөө засах Тайвань арлын гэрлэлт хуулийн нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц 2017 онд парламентад танилцуулсан бөгөөд хоёр жилийн хугацаанд хуулийн өөрчлөлтийг хийхээр болсон юм. Гэвч тус арлын консерватив үзэлтнүүд ижил хүйстний гэрлэлтийн эсрэг хөдөлгөөн өрнүүлсэн ба өнгөрсөн оны наймдугаар сард уг хуулийн талаарх бүх нийтийн санал хураалтад 67 хувь нь татгалзсан хариу өгчээ.

Азийн бусад орнуудад ч ЛГБТ хүмүүсийн эрхийг зөвшөөрч эхэлж байгаа юм. Тухайлбал, Хятадад 1997 онд ижил хүйстнүүдийг хуулиар зөвшөөрч 2000 онд ижил хүйстнээ сонирхох бэлгийн чиг хандлагыг сэтгэцийн өвчний жагсаалтаас хассан байна.

Гэсэн ч Коммунист нам ЛГБТ хүмүүсийн эрхийг зөрчсөөр байгаа ба өнгөрсөн 11 сард ижил хүйстнүүдийн тухай зохиол бичсэн зохиолчийг 10 жил хорих ялаар шийтгэжээ. Мөн өнгөрсөн оны есдүгээр сард Энэтхэгийн дээд шүүх ижил хүйстнүүдийг бэлгийн харьцаанд орохыг гэмт хэрэг биш гэж үзсэн байна.

Гэвч зарим оронд ижил хүйстнүүдийн эрхийн асуудал хөндөгдсөн хэвээр байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн сард Бруней улс ижил хүйстнүүдийг чулуу шидэж алах ялын хуулийн төслийг танилцуулсан ч олон улсын шүүмжлэлд өртсөнөөр уг хуулийг батлаагүй юм.

Судалгаанаас үзэхэд дэлхийн 20 гаруй оронд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрдөг байна.

Эх сурвалж: BBC, CNN