Чингисийн талбайн урд хэсгийн 2.5 га газарт тохижилтын ажлын зураг төсөл боловсруулах төслийн уралдаан зарлалаа. Төслийн уралдаан 30 сая төгрөгийн шагналын сантай ба уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутнууд оролцох боломжтой байна.

Тус уралдаан энэ сарын 29 хүртэлх хугацаатай зарлагдаж байгаа ба төслийн уралдаанд оролцох хүсэлтэй уран бүтээлчид, ААН-үүд бүтээлээ Хангарди ордны 13 давхарт өгөх гэнэ.

Энэхүү уралдааны архитектур, орон зайн төлөвлөлтөд тавигдах гол шаардлага нь үндэсний онцлог, түүх, хэв шинжийг тусгасан, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийн шинэлэг шийдэлтэй байх юм.

Харин шалгарсан бүтээлийн зохиогчийн эрх нь НЗДТГ-т үлдэх бөгөөд шилдэг санаа, шийдэл гаргасан оролцогч тохижилтын зураг төсөл боловсруулах ажилд давуу эрхтэй оролцох гэнэ.   

Хотын дарга С.Амарсайхан дөрөвдүгээр сарын 23-нд захирамж гарган Чингисийн талбайн өмнөх зогсоолын зөвшөөрлийг цуцалж, иргэдэд зориулсан бүтээн байгуулалт хийнэ гэсэн юм.