Чингисийн талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтын зураг төслийг боловсруулах уралдааны дүн гарлаа. Уралдаанд 16 баг оролцсон ба тэргүүн байранд Төвшингүүд Констракшн ХХК багийн төсөл шалгарч 20 сая төгрөгөөр шагнууллаа.

Тэргүүн байранд шалгарсан баг нь 2.5 га талбайд хашаа хайс бүхий хайрцагласан, тэгш өнцөгт огтлолцсон явган зам бүхий орчинг задлах, нийтийн нээлттэй орон зайг нэмэгдүүлэх, иргэдийн амрах зугаалах, жилийн дөрвөн улиралд ашиглах, автомашины дулаан зогсоол, агаар орчны хуурайшилт, бохирдол, явган болон автомашины хөдөлгөөний түгжрэл зэргийг шийдвэрлэсэн байна.

Мөн ногоон байгууламжийг 1.25 га талбайд хийж, доошоогоо хоёр давхар авто машины зогсоолтой байх гэнэ. Харин усан оргилуур нь хурын усыг дахин ашиглах юм байна.

Шагналт байруудад Кью Эл Скейл ХХК, Эн Эс Партнерс ХХК багийн бүтээлүүд шалгарч, таван сая төгрөгөөр шагнуулжээ.

Сануулбал, дөрөвдүгээр сарын 23-нд хотын дарга С.Амарсайхан захирамж гаргаж, Чингисийн талбайн өмнөх автомашины зогсоолын зөвшөөрлийг цуцалсан юм. Бүтээн байгуулалтын ажил эхлэх хүртэл зогсоолыг НЗДТГ-аас ажлын өдрүүдэд 1000 төгрөгийн үнэтэйгээр иргэдэд түр ашиглуулж байна.